Хөлбөмбөгийн холбоодыг ФИФА торгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-11-04 15:40:26

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Хөгжөөн дэмжигчид нь бүдүүлэг аашилсан гэх үндэслэлээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ Бразилын хөлбөмбөгийн холбоог /БХХ/ сар хүрэхгүй хугацааны дотор хоёр удаа торголоо.

Өнгөрсөн сард Бразилын Натал хотод болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Бразилын шигшээ баг Боливийн шигшээ багийг 5:0 харьцаагаар хожсон юм. Тоглолтын үеэр Бразилын хөгжөөн дэмжигчид бүдүүлэг зан авир гаргасан тул ФИФА-гийн зүгээс БХХ-г 26 мянга орчим доллароор торгосон байна.

Үүний өмнөхөн есдүгээр сард Бразилын Манаус хотод Колумбын шигшээ багтай тоглох үеэр хөгжөөн дэмжигчид нь танхайрсан гэх үндэслэлээр БХХ-нд ФИФА торгууль ногдуулсан юм. Уг тоглолт 2:1-ийн харьцаатайгаар Бразилын ялалтаар өндөрлөсөн байна.

Бразилаас гадна өөр хэд хэдэн улс, тэдгээрийн дотор Чили, Аргентин, Албани, Хорват, Эстони, Иран, Косово, Парагвай болон Украины хөлбөмбөгийн холбоодыг торгох шийдвэрийг ФИФА өчигдөр гаргажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ