ГОВЬ-АЛТАЙ: “Ихэр марал” мод үржүүлгийн газар жилд 5 тонн тарвас хураан борлуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-28 22:28:01

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Цогт сумын Баянтоорой тосгонд тавдугаар сарын 28-ны өдөр ажиллаж, тус тосгонд байрлах мод үржүүлгийн “Ихэр марал” газрын үйл ажиллагаатай танилцлаа.



Тус мод үржүүлгийн газар нь 2022 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд өдгөө нэг га талбайд говийн нөхцөлд тохируулсан бут, модыг бойжуулж байна. Үүнд буйлс, хайлаас, жигд, сухай, хармаг зэрэг 4-5 төрлийн модны суулгацыг тарьж, өсгөн бойжуулж байгаа ажээ. “Ихэр марал” нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 20 гаруй мянган модны суулгацыг зах зээлд нийлүүлээд байна.


Мөн тус байгууллага гурван хүлэмждээ тарвас тариалж, жилд хоёр удаа ургац хураадаг бөгөөд нэг ургацын үед дунджаар 2.5 тонн, нийтдээ 5 тонн тарвас хураан авч, орон нутгийн зах зээлд нийлүүлэн нийт 40 орчим сая төгрөгийн орлого олдог байна.



Энэ жилээс “Ихэр марал” мод үржүүлгийн газар үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд туршилтын журмаар бэсрэг алим, торниун алим, чавга зэрэг жимсний моднуудыг тариалж эхэлжээ.


Засаг дарга Г.Чинбат уг аж ахуйн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, говийн нөхцөлд газар тариалан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, цаашдын ажлыг нь дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ