Хүүхдийн оролцооны байгууллага 90 жилийн түүхээ бичлээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:51:25

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, оролцооны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг  энэ сарын 10-нд Дорноговь аймагт тэмдэглэлээ.

1925 онд Монгол Улсад анхны  пионерийн байгууллага үүсч хөгжих эхлэл тавигдаж  байсан бол Дорноговь аймагт  үүнээс нэгж жилийн дараа анхны пионерийн бүлэг байгуулагдаж байсан  түүхтэй  аж. Тухайн үед пионерийн зөвлөл нь  олон чадварлаг боловсон хүчинтэй, мянга мянган хүүхэд багачуудыг эгнээндээ нэгтгэсэн хүүхдийн биеэ даасан томоохон байгууллага болон өргөжиж байсныг ахмад багш, үе үеийн пионерууд баярын үеэрээ дурсан санасан юм. 

Энэхүү байгууллагаас XX, XXI зууны их бүтээн байгуулагчид, манлайлагчид,тив дэлхий, олимпийн алдартнууд,нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, хөдөлмөр алдар гавьяаны эзэд гээд улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг боловсон хүчнүүд төрөн гарсан байна. Харин эдүгээ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага буюу одоогийн хүүхдийн оролцооны байгууллага болох аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, өсвөрийн цагдаа, өсвөрийн эмч, өсвөрийн улаан загалмай, миний редакц, өсвөрийн багш, уран илтгэгч, эко клуб,  Скаут бүлгэм, асуудлыг шийдвэрлэе бүлгэм зэрэг 10 байгууллагын 120 гаруй идэвхтэн гишүүнтэй болж  90  жилийн сунагар түүхтэй Хүүхдийн оролцооны байгууллагын залгамж халааг нэр төртэй түүчээлэн авч яваа юм.

Ойн баярын үеэр “Бид шинэ зууны хүүхдүүд” баримтат кино, “Ирээдүйд  тэмүүлсэн 90 жил”, гэрэл зургийн үзэсгэлэн, “Баярын хурал”, “Наран говийн дуулал”, хүндэтгэлийн тоглолт болов. Хүүхдийн оролцооны байгууллага түүхэн ойгоо тохиолдуулан олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд “Хараацай  бага нас минь үргэлжилсээр” түүхэн ном, “Дорноговийн хүүхдүүд” гэрэл зургийн цомгийг бүтээжээ.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ