Гадаадын оюутнуудыг Харвардад элсүүлэхийг хориглох шийдвэрийг түдгэлзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 24 /AP/. Гадаадын оюутнуудыг Харвардын их сургуульд элсүүлэх зөвшөөрлийг цуцлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрийг АНУ-ын шүүх түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Уг шийдвэрийг тус улсын Тойргийн шүүгч Эллисон Бэрроуз баасан гарагт гаргасан байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу Цагаан ордон гадаадын оюутнуудад зориулсан оюутан солилцоо, элсэлтийн хөтөлбөрийг (Student and Exchange Visitor Program, SEVP) хэрэгжүүлэх зөвшөөрлийг шүүх хэргийг эцэслэн шийдэх хүртэл цуцлах боломжгүй болж байна. Д.Трампын засаг захиргаа уг шийдвэрийг давж заалдах эрхтэй.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм тус их сургуульд олгосон гадаадын оюутан сургах зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг тушааж, “хүчирхийлэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийг өөгшүүлсэн”, мөн "Хятадын Коммунист намтай хамтран ажилласан” гэж Харвардын их сургуулийг буруутгасан юм.
Харвардын их сургууль Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэн Массачусетс муж улс дахь Холбооны улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.