ӨВӨРХАНГАЙ: Тээлийн улаан ямааг омог болгохоор судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-23 17:59:10

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Нарийнтээл сумын “Тээлийн улаан ямаа”-г омог болгох хүсэлтийг баталгаажуулахаар ХХААХҮЯ-наас томилсон ажлын баг Нарийнтээл суманд ажиллалаа.


Ахмад мал зүйч С.Дүгэрсүрэнгийн удирдсан мэргэжилтнүүд 1984 оноос эхлэн ямаан сүргийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын улаан ямаагаар сайжруулан үржлийн ажлыг явуулснаар тус суманд “Тээлийн улаан ямаа” бий болсон түүхтэй. 2013 онд Сум хөгжүүлэх сангийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Алтай сумын “Алтайн улаан үүлдэр”-ийн 120 ухна худалдан авч сайжруулалт хийжээ.



“Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямааны аж ахуйн биологийн онцлог, ашиг шимийн түвшин тогтоох судалгааны ажлыг 2017 оноос өнөөг хүртэл хийж байна. Энэ удаа 13 малчин өрхийн 230 ямаанд үзлэг, ангилалт хийж, цусны дээж, ноолуурын гарцыг тодорхойлжээ. Ажлын багийн дүгнэлтэд үндэслэн ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар “Омог” болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. 





Холбоотой мэдээ