Хятадын 12 настай усанд сэлэгч Олимпын хагас шигшээд шалгарах амжилт үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-05-22 12:06:02

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 22 /CNN/. Хятадын усанд сэлэлтийн тамирчин, 12 настай Ю Зиди холимог сэлэлтийн 200 м-ийн зайд уралдаж онцгой амжилт гаргасан нь дуулиан тарьжээ. 


Тодруулбал, Шэньжэн хотод ням гарагт болсон Хятад улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Ю Зиди 2 минут 10.63 секундийн амжилт үзүүлснээр Олимпын хошой хүрэл медальт Ю Йитиний дараа хоёрдугаар байрт орсон байна.


Ю Зидигийн амжилт нь Парисын Олимпын хагас шигшээд шалгарах үзүүлэлт бөгөөд хувийн дээд амжилтаас нь хоёр секунд орчмоор дутуу байна.


12 настны тарьсан сенсацитай мэдээ! Ю Зиди дөнгөж сая Хятадын аварга шалгаруулах тэмцээний үеэр 200 м-ийн зайг 2:10.63 секундэд туулсан нь 12 настай хүүхдийн хувьд тогтоосон түүхэн дээд үзүүлэлт боллоо” гэж Дэлхийн усанд сэлэлтийн холбоо X хуудсандаа нийтэлсэн байна.


Ирэх 10 дугаар сард 13 нас хүрэх Ю Зиди Парисын Олимпод оролцох боломжоо алдсан хэдий ч долоодугаар сард Сингапурт болох усан спортын ДАШТ-д Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах боломжтой гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.


Тэрбээр 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд үзүүлсэн гайхалтай амжилтаа үргэлжлүүлж, 200 м-ийн эрвээхэй сэлэлтийн хагас шигшээд хоёрдугаар байр эзэлснээр финалд шалгарсан байна.


Хятадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд 24-нд дуусах юм.



Холбоотой мэдээ