Соёлын аялал жуулчлалыг эдийн засгийн эргэлтэд оруулахын чухлыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс “НҮБ-ын Аялал жуулчлалын
бодлого стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах
тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт
хугацааны бодлогын баримт бичигт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх
салбарын нэг болгон хөгжүүлэх зорилт тавьсан. Соёл Спорт Аялал Жуулчлал
Залуучуудын Яам, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагатай хамтран бүс нутгийн
хамтын ажиллагаа, олон улсын туршлага солилцох, инновац, тогтвортой хөгжлийн
зарчмуудыг бодлого, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийн уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсад анх удаа болж буй энэхүү уулзалтаар “Аялал жуулчлал ба Соёл” сэдвийг онцолж буй юм.
ССАЖЗЯ-ны АЖБХЗГ-ын дарга Н.Болормаа
ярихдаа, "Манай улс бүс нутагтаа нүүдлийн ахуйн соёлоороо ялгардаг төдийгүй, жинхэнэ утгаар нь хадгалж авч үлдсэн цөөхөн орны нэг.
Энэ өвөрмөц соёлоо таниулж, жуулчдыг татах зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион
байгуулж байна. Бид уулзалтад бодлого, стратегиа төлөвлөдөг хүмүүсээ түлхүү хамруулсан. Тэгэхээр соёлын ялгаа, ижилсэл юу байна вэ гэдгээ тодорхойлоод сургалтаас
олж авсан мэдлэг, туршлагадаа үндэслэн соёлын аялал жуулчлалын консепцдоо
тусгана. Манай улсад энэ төрлийн аялал жуулчлалын нөөц байна. Үүнийг эдийн
засгийн эргэлтэд оруулах, бүтээлч үйлдвэрлэлтэй уялдуулах нь чухал. Тухайлбал,
жуулчид өөрсдөө гар урлалын зүйл болон үндэсний хоол хийх хийж үзэхийг хүсдэг. Мөн соёлын өв
тээгч, өвлөн уламжлагчдыг бодит дүр төрхөөр нь харах хүсэл эрмэлзэлтэй.
Иймээс үүнд тулгуурлаж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Түүнчлэн цахим орчинд соёлоо түгээх, сурталчлах, ялангуяа дөрвөн улирлын аялал
жуулчлалыг таниулсан контент хийх нь маш чухал. Ингэхийн тулд дижитал салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна" гэв.
Энэ удаагийн уулзалтад БНСУ, Тайланд, Шри Ланка, Мальдив зэрэг 20 гаруй улсын
аялал жуулчлалын удирдах албаны төлөөлөл оролцож байна. Малдива улс 1972 онд
аялал жуулчлалын бодлогоо тодорхойлсон бөгөөд тогтвортой хөгжлийг хангахуйц
бодлого баримталдаг аж.
Малдива Улсын аялал жуулчлал, байгаль орчны дэд сайд Али Шинан ярихдаа, Манай улсад 1 мянга гаруй арал байгаагаас 200 гаруйд нь хүн амьдардаггүй. Эдгээр аралдаа түшиглэн аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, олон төрлийн сонирхолтой аяллыг жуулчдад санал болгодог. Бидний хувьд тогтвортой хөгжлийг хангахуйц аялал жуулчлалын бодлогыг баримталдаг. Энэ туршлагаа бусад улсад хуваалцаж, биднээс суралцаасай гэж боддог. Харин соёлын аялал жуулчлалын бодлогыг 2009 оноос түлхүү явуулж ирсэн. Хүн ам олонтой, төвлөрсөн арлууддаа хоолны болон аж байдлыг харуулсан соёлын наадам зохион байгуулдаг. Манайх жуулчлалын салбарт соёлыг яаж холбож болох вэ гэдэгт түлхүү ажилладаг консулын газартай. Үүгээрээ дамжуулан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Манай улс өнгөрсөн онд 808 мянга орчим жуулчин хүлээн авсан. Энэ тоог 2030 онд 2 саяд хүргэж, эдийн засгийн эргэлтэд 3-4 тэрбум ам.долларыг оруулж, ДНБ-ийн 10 хувийг бий бий болгоно гэсэн зорилт тавиад буй юм.
ССАЖЗ-ын сайд Ч.Номин хэлэхдээ, “Бид дэлхийн хамгийн том аялал жуулчлалын салбарын бодлого гаргадаг газартай хамтран монгол улсын дунд хугацааны аялал жуулчлалын стратегийг тодорхойлсон. Энэ сардаа багтаан салбарынхандаа танилцуулахаар ажиллаж байна. Салбарыг хөгжүүлэхийн тулд хүний нөөцөө чадавхжуулж, нислэгийн тоог нэмэх хэрэгтэй. Мөн жуулчдын байрлах кемп, зочид буудал, рестораныг аль болох тухтай байлгах, иргэд маань хүртэл харилцааны соёлтой байх нь чухал. Ингэж байж аялал жуулчлалын салбар маань олон улсад танигдана. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа ажилтан алба хаагчийг чадавхжуулах төвийг байгуулна” хэмээв.
“НҮБ-ын Аялал жуулчлалын бодлого
стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах тушаалтнуудыг
чадавхжуулах хөтөлбөр”-ийн уулзалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.