“Ламбугайн нулимс” дуурийг 39 дэх жилдээ УДБЭТ-ын тайзнаа тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид тавдугаар сарын ээлжит үзвэрээрээ Төрийн шагналт Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг олны хүртээл болгох гэж байна.
Энэ сарын 17, 18-нд тоглох 100 минутын гурван бүлэг, зургаан үзэгдэлт дуурийг УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа удирдахаар болжээ. Уг дуурийг их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэг, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолыг бичиж, Төрийн шагналт Х.Билэгжаргал хөгжмийг нь зохиосон юм. Тус дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон түүхтэй.
XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиосон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм. Үйл явдлыг сийрүүлбэл, Гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.
УДБЭТ-ынхан “Ламбугайн нулимс”-ыг 2011 онд театрын 48 жилийн ойд зориулан шинэ тайз засалт, хувцас гоёлтойгоор шинэчлэн тайзнаа тоглосон юм.