БУЛГАН: Баавгайн бамбарууш малчны хотонд иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ сарын 3-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг Хужирт багийн Тасархай хэмээх газар хаваржиж буй С.Батмөнхийн малын бэлчээрт баавгайн бамбарууш ирсэн тухай мэдээлэл байгаль хамгаалагчдад иржээ.
Мэдээллийн дагуу Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаанаас БОУАӨЯ болон Амьтан асрах төвийн мэргэжилтнүүдэд мэдэгдэж, хоол тэжээлийн болон хэрхэн асран хамгаалах талаар зөвлөмж мэдээлэл авсан байна.
Хамгаалалтын захиргааны дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан бүлэг бамбаруушид оромж байр бэлдэн, мэргэжилтнүүдийн заавар зөвлөмжийн дагуу асран хамгаалж байна.
Одоогоор бамбаруушийг тухайн газарт асарч эх баавгайг ирж магадгүй хэмээн тандалт хийж байгаа ажээ.
Хүрэн баавгай ойрын жилүүдэд хоол тэжээлийн хомсдолоос болж нутгийн гүнд орж ирэх, үр төл нь өнчрөх эрсдэлийг дагуулж буй тул самар, жимс түүхдээ тодорхой хувийг байгальд нь үлдээхийг амьтан судлаачид зөвлөж буй юм.
Монголын циркийн анхны баавгай мөн л эндээс олдсон байна
Булган аймгийн Ингэттолгой сангийн аж ахуйн малчин байсан З.Даржаа 1950 оны хавар анд явж байгаад баавгайн хоёр бамбарууш олж гэртээ авчирчээ.
Анчны гэргий Дашзэвгэ тэдгээр бамбаруушид мах өгөлгүй үнээний сүүгээр тэжээсээр дөрвөн сар болгоод байтал тэр нутгаар явж байсан циркийн дарга Хичээнгүй түүний сургийг дуулаад очиж авсан байна. Монгол циркийн анхны сургуультай баавгай болох хувь тавилан хөвчийн хоёр бамбаруушид тэгж олджээ.
Дондог, Дулам хоёрыг Улаан тайгад нутагшуулан тавьжээ
Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамардаг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид 2023 оны хавар малчин айлын өвөлжөөнөөс дөнгөж төрсөн хоёр өнчин бамбарууш олж тэжээсэн байна.
Тус дархан цаазат газрын хамт олон хоёр бамбаруушид Дондог, Дулам хэмээх нэр өгсөн бөгөөд биеэ дааж амьдрах чадвартай болохоор нь байгальд тавихаар 2024 оны гуравдугаар сар хүртэл асран хамгаалж байгаад Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргаа руу шилжүүлжээ.
Улаан тайгын ТХГЗ-ны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Байгаль хамгаалагчдын сэтгэл шингэж авран хамгаалсан 2 хөөрхөн бамбарууш маань их тайгадаа өөрийн дураараа гүйж амьдрах хүчээ аваад 2024 оны 6 дугаар сарын 2-нд их тайгад нь тавьжээ.