Японд хүүхдийн тоо 44 дэх жилдээ дараалан буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 5 /NHK/. Япон улсад тавдугаар сарын 5-нд болдог хүүхдийн баярыг тохиолдуулан танилцуулсан статистик мэдээгээр тус улсын нийт хүүхдийн тоо 44 дэх жилдээ дараалан буурч, 14 саяас доошилжээ.
Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 14 ба түүнээс доош насны 13.66 сая хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 350 мянгаар буурсан байна. Хүүхдийн тоог хүйсээр авч үзвэл, 6.66 сая охин, 6.99 сая хөвгүүн байна. 12-14 насны хүүхдийн тоо 3.14 сая байгаа бол түүнээс доош насны хүүхдүүдийн тоо жилээс жилд буурсаар байгаа бөгөөд 0-2 насны ердөө 2.22 сая хүүхэд байна. Японы нийт хүн амын 11.1 хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь 51 дэх жилдээ дараалан буурсан үзүүлэлт бөгөөд өмнөх оныхоос 0.2 пунктээр буурчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний байдлаар, Японы баруун өмнөд нутгийн Окинава мужид нийт хүн амд эзлэх хүүхдийн хувь хамгийн өндөр буюу 15.8 хувьтай байсан бол Шига, Сага мужууд /12.7 хувь/ тус мужийн дараа оржээ. Харин хойд нутгийн Акита мужид хамгийн бага буюу 8.8 хувь, хөрш зэргэлдээх Аоморид 9.8 хувь, Хоккайдод 9.9 хувьтай гарсан байна.