ДОРНОГОВЬ: Хамарын хийдийн сакура цэцэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын нутаг Хамарын хийдэд сакура буюу бүйлс цэцэглэжээ.
Энэ жил говьд цас орж, газар чийг ихтэй, салхи шуурга багатай, цаг агаар тааламжтай байгаа тул 108 агуйн орчимд ургадаг бүйлс эрт цэцэглэсэн байна.
Говийн ээрэм талд жил бүрийн өдийд дэлбээгээ чимдэг бүйлсийг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн япон шавь нутаг буцахынхаа өмнө багшдаа бэлэг болгон тарьсан домогтой. Монголын говьд ургаж дассан бүйлсийг үзэхээр нийслэл болон бусад аймаг, сумаас зочин гийчид Хамарын хийдийг зорьдог.
Дорнын
говийн аялал жуулчлалын нэгээхэн хэсэг болсон Хамарын хийдийн бүс нутагт аялах тохиромжтой улирал
бол хавар, зуны цаг байдаг. Бүйлс нь байгаль цаг агаарын тогтуунд, салхи шуурга багатай
үед 14 орчим өдөр цэцэглэдэг. Энэ жилийг Дорноговь аймгийн ЗДТГ-аас аялал жуулчлалыг
дэмжих жил болгон зарласан бөгөөд наймдугаар сард Хамарын хийдэд "Тэнгэрийн хутагт" нэртэй фестиваль зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тиймээс говь нутгийн үзэмжит байгаль, элсэн манхан, зэрлэг амьтан, ургамал, соёлын олон төрлийн үйл ажиллагааг үзэхээр Монголын дөрвөн зүг найман зовхисоос аялагчид ирэхээс гадна гадаадын жуулчид ч элсэн говийг зорьдог.
Өнгөрсөн онд Хамарын хийдийн бүс нутаг Энергийн төв, Шамбалын орон, Өвгөн суварга, Ханбаянзүрх хайрхныг 90 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин зорин очжээ. Харин 2023 оны мөн үед гадаад, дотоодын 85571 жуулчин тус бүс нутагт аялсан байна.