БУЛГАН: Диваажин сүм 149 жилийн түүхийг гэрчилдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Диваажин буюу Жаргалын орон нэртэй сүмийг 1876 онд Вангийн хүрээнд хиймэл уулан дээр байгуулснаас 28 жилийн хойно 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй анхны Их цагаан суваргыг бүтээжээ.
Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны төв вангийн хүрээ Манжийн Энх-Амгалангийн хорин дөрөвдүгээр буюу 1685 онд байгуулсан байна.
Тус хийд нь 27 дацан, 30
орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагатай, монголын шашин мөргөл, худалдааны
томоохон төв болж байсан ажээ.
Дайчин вангийн хүрээнд 1876 онд Майдар голын зүүн эрэгт 20 м өндөр 5х5 м талбайд Диваажингийн орныг дүрсэлсэн маш уран гоё хийцтэй шилэн сүм байгуулсан нь ар халхад ганцхан байжээ.
Эл сүмийг Эрдэнэдайчин ван Ханддоржийн эмэг эх ижий ахайн санаачилгаар барьсан гэдэг. Энэ сүмийн эргэн тойрон шуудуу татаж, ус урсган, нарс, хуш мод суулган ургуулж байсан нь диваажингийн орныг дүрсэлсэн байдаг.
Сүсэгтэн олон болон аянчин жуулчин мөргөлчин тасралтгүй цувж олны хөлийн газар болсон Диваажин сүмийг 1905 онд ХІІІ Далай лам ирж аравнайлж байжээ.
1938 онд сүм хийдийг устгахад өртсөн ч 1990-ээд онд Диваажинг сэргээх ажлыг явуулж 2018 онд засварлаж дууссан байна.