Тэс суманд аврах гал унтраах 57-р анги нээгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-29 19:26:25

Завхан аймгийн Тэс суманд аврах, гал унтраах 4-р зэрэглэлийн анги нээгджээ.

Тэс сум ОХУ-ын Тыва улстай хиллэдэг аймгийн төвөөс 301 км хол байрладаг. Энэ бүс нутагт ойн түймэр их гардаг. Зундаа гол усны үер их болдог, өвөлдөө цас ихтэй, зам даваа хаагддаг гээд гамшигт үзэгдэл гарах магадлал өндөр бүс нутаг юм байна. Гамшгийн эрсдэл гарсан нөхцөлд аймгаас аврах анги очих гэсээр байтал цаг хугацаа алдах, зардал их гарах хохирол их амсах, урьдчилан сэргийлэх гээд олон бэрхшээл байдаг байж. Энэ үед аймгаас гамшгийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхээр тус бүс нутагт аврах гал унтраах ангийг байгуулах саналыг дэд газартаа хүргүүлснээр Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар аврах гал унтраах 57-р анги Тэс сумд нээгдээд буй юм. Тус суманд аврах гал унтраах анги нээгдсэнээр Монгол Улсын хойд хил орчмын бүс нутагт гарах эрсдэл ойн түймэр, гол усны үер усны аюулаас хамгаалах гээд олон талын ач холбогдолтой болжээ.

Өнөөдрийн байдлаар тус ангид Тэс Баянтэс сумын офицерийн сургууль төгссөн офицер зургаа, дуудлага хүлээн авагч дөрөв, гал унтраах найман алба хаагч нийт 39 хүн ажлын байраар хангагдаад байна. Сонирхуулахад Аврах гал унтраах дөрөвдүгээр зэрэглэл гэдэг нь тухайн газар нутгийн хүн амын нягтаршил, суурьшил,  гал түймэр гарч болзошгүй эрсдэлийн судалгаан дээр үндэслэн тогтоодог хүчин чадлын зэрэглэл юм байна. Тэс сум нь 87229 га газар нутагтай, 5000 орчим хүн амтай Завханы томоохон сумдын нэг юм.   

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ