ДОРНОГОВЬ: “Музейгээр аялъя” сарын аяныг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-07 18:09:22

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд тус байгууллагын хамт олон Музейгээр аялъя сарын аяныг зохион байгуулж байна.


Аяны хүрээнд аймгийн төрийн өмчийн бүх байгууллагын алба хаагчдыг музейтэй танилцах ажлыг зохион байгуулж буй бөгөөд аяны эхэнд аймгийн Онцгой байдлын газар болон “Хурдан” төвийн алба хаагчид музейгээр аялжээ. Алба хаагчид музейн сонин содон үзмэр үзсэнээс гадна сонсож мэдсэн зүйлийнхээ хүрээнд "Алтан хонх" уралдаанд оролцож мэдлэгээ сорьжээ.


Ташрамд, аймгийн Музей сургалт, судалгааны төв анх 1945 онд Орон нутаг судлах кабинет1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей сургалт судалгааны төв ( МССТ) болон  өөрчлөгдөж эдүгээ 80 жилийнхээ ойтой золгоод байгаа юм.


Тус музей 5600 гаруй үзмэртэй. Дорноговийн музейд Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд байдгаараа бусад аймгийн түүхийн музейгээс онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрийг сонирхох боломжтой.

Холбоотой мэдээ