Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардуулав. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр илэрхийллээ.
Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Сью Лаянсын айлчлал харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэв. Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтарч байсан Монгол Улсын төр, засаг, монголын ард түмэнд К.Смит талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэлээ.
Элчин сайд К.Смит 2022 оны зургаадугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоожээ.