В.Путин Японтой энхийн гэрээ байгуулах гэж яарахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-28 10:46:39

СОЧИ./Kyodo/. Японтой энхийн гэрээ байгуулах тухайд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болгоомжилсон байр суурьтай байна.

Пүрэв гарагт Оросын өмнөд нутгийн Сочи хотноо болсон уулзалтад В.Путин оролцжээ. Мөн уг уулзалтад улс төр судлаачид оролцож, Орост нөлөөлж буй олон улсын асуудлуудыг хэлэлцжээ.

Хэзээ Японтой энхийн гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар Японы нэгэн судлаач Путинээс асуужээ. Гэрээ байгуулахын тулд хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлуудын тоонд Оросын хяналтад байдаг арлуудтай холбоотой газар нутгийн маргааныг шийдвэрлэх асуудал эн түрүүнд орж байгаа юм. Эдгээр арлыг өөрийн улсын газар нутгийн салшгүй нэг хэсэг бөгөөд дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзэлсэн гэж Японы Засгийн газар үзсээр байгаа билээ.

Уг маргаанаас үүдэн  тус хоёр улс дайн дууссанаас хойш өдийг хүртэл энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм.

Ерөнхийлөгч В.Путин дээрх асуултанд хариулахдаа “энхийн гэрээнд гарын үсэг зурах эцсийн хугацааг товлох боломжгүй” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Орос-Японы харилцаа төдийлөн бэхжээгүй байна. Энхийн гэрээ байгуулахын тулд санал зөрөлдөөнтэй асуудлуудыг багасгахын тулд өргөн цар хүрээг хамарсан салбарт, тухайлбал эдийн засгийн салбарт хоёр улс харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Түүний энэ хариулт нь газар нутгийн маргааныг аль болох богино хугацаанд шийдвэрлэхийг хүсч буй Японы талд Оросын болгоомжилсон байр суурийг тайлбарласан хэрэг юм гэж ажиглагчид үзэж байна.

В.Путин ирэх 12 дугаар сард Японд айлчлах юм.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ