СЭЛЭНГЭ: "Эх оронч суралцагч" үйл ажиллагааны 3 дахь ээлж хүрэлцэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-23 13:47:12

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ удаагийн "Эх оронч суралцагч" үйл ажиллагаанд Улаанбаатар хотын 65 дугаар сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид, багш нийгмийн ажилтан, хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангийн ажилтан албан хаагчид, биеийн тамир спортын газрын ажилтанууд, хэвлэл мэдээллийн албаныхан нийт 175 хүний баг бүрэлдэхүүн оролцлоо.

 

Дээрх бүрэлдэхүүн өчигдөр буюу 3 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Музейн гадна байрлах 1921 оны Ардын Журамт цэргийн жанжин штабын барилга, их жанжин Д.Сүхбаатарын хөшөө, нэр нь тодроогүй баатруудын хөшөөг үзэж сонирхлоо.

 

Мөн элсэн товгорын хүн чулуун хөшөө, гунан буу, манж цавын тогоо, чулуун тээрэм, тээрмийн бул зэргийг тайлбарлуулан үзэж мэдлэгээ нэмэгдүүлэв.

 

Оролцогч хүүхдүүд мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олс таталтын тэмцээнд амжилттай оролцлоо.

 

Дээрх үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

 

Сэлэнгэ аймаг бол ардын хувьсгалын ялалтын уухайг хөрс шороондоо шингээн хадгалсан баялаг их түүхтэй, эх орны дархан хойд хилийн үүд хаалга болсон аймаг.

 

"Эх оронч суралцагч" үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах, цаашлаад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хууль сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ