ЗАВХАН: "Монголын нууц товчоо"-г танин мэдэх хэлэлцүүлгийг сонирхолтой хэлбэрээр явуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-21 17:36:02

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүүхдүүд "Монголын нууц товчоо"-г танин мэдэх хоёрдугаар бүлгийн хэлэлцүүлгээ амжилттай явуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч "Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх" тухай зарлиг гаргаж, судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэхийг бүх иргэнд уриалсан.


Тиймээс Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, “Аянга” номын клубтэй хамтран “Монголын нууц товчоо” номын уншлага, хэлэлцүүлгийг жил гаруй хугацаанд зохион байгуулах юм.


"Монголын нууц товчоо"-ны хоёрдугаар бүлгийн хэлэлцүүлэгт 40 гаруй багш суралцагч оролцсон байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхдүүд нэгдүгээр бүлгийн мэдлэгээ бататгах зорилгоор "Алтан хонх" тэмцээнийг зохион байгуулсан юм.


Монголын нууц товчоо"-ны хоёрдугаар бүлгийн агуулга онцлогийг шингээсэн сэдэвт тэмцээний тэргүүн байрыг Улиастай сумын Бүрэн дунд 3-р сургуулийн 10б ангийн суралцагч Б.Даваахүү эзэлжээ. Хоёр, гуравдугаар байрт Улиастай сумын Чандмань Эрдэнэ сургуулийн 11в ангийн суралцагч А.Алтанзул, Бүрэн дунд 3-р сургуулийн 10б ангийн суралцагч Н.Энхзул нар тус тус шалгарч бусдыгаа хошуучилжээ.  


"Монголын нууц товчоо"-г танин мэдэх мэдлэгээ бататгах, хэлэлцүүлгээ сонирхолтой хэлбэрээр явуулсан нь хүүхдүүдэд урам өгсөн байна. "Монголын нууц товчоо"-ны гуравдугаар бүлгийн хэлэлцүүлгийг ирэх сард зохион байгуулах юм.

 

"Монголын нууц товчоо"-г танин мэдэх эхний хэлэлцүүлгийг 2 дугаар сард зохион байгуулж, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, суралцагч 100 гаруй хүн оролцсон.


Энэхүү үйл ажиллагаа нь "Монголын нууц товчоо"-ны агуулга, уран сайхны онцлог, хэл найруулгын талаар ярилцаж хүүхдүүд маань нууц товчоог системтэй уншиж, хэн түүхэн үйл явдлыг ямар өнцгөөс харж байна. Өөрийнхөө ямар саналыг ямар тайлбартайгаар дэвшүүлж байна гэдгийг онцлон харж дүгнэж буйгаараа онцлогтой.


"Монголын нууц товчоо"-г хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах зорилготой хэлэлцүүлэг нь сар бүр номын бүлэг бүр дээр нэг хэлэлцүүлэг, нэг зорилтот үйл ажиллагаа гэсэн зохион байгуулалттай үргэлжилнэ гэж Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас мэдээлэв. 


"Монголын нууц товчоо"-г танин мэдэх эхний хэлэлцүүлэгт 100 гаруй багш, сурагч оролцжээ

Холбоотой мэдээ