Жон Ф.Кеннедийн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-19 13:46:52

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 19 /BBC/. АНУ-ын засгийн газар 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдээс олон нийтэд дэлгэлээ. Ерөнхийлөгч Дональд Трампын нэгдүгээр сард гаргасан зарлигийн дагуу нууц мэдээллүүдийг дэлгэж байгаа юм.


Мягмар гаргийн орой нууцын зэрэглэлээс гаргаснаас нь хойш хүмүүсийн үзэж сонирхож буй баримт бичгүүдээс түүхчид тийм ч их шинэ содон мэдээлэл хүлээхгүй байна. Д.Трамп 80 мянган хуудас баримт бичгийг дэлгэнэ гэж мэдэгджээ. 


АНУ-ын эрх баригчид өмнө нь уг хэрэгтэй холбоотой олон зуун мянган хуудас баримт бичгийг дэлгэж байсан боловч үндэсний аюулгүй байдлын үүднээс заримыг нь нууцалж байсан юм. Кеннедийн амийг хөнөөсөн Ли Харви Освальд хэргийг ганцаараа үйлдээгүй гэдэгт Америкийн олон иргэн итгэдэг хэвээр байна.


Ж.Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Техас муж улсын Даллас хотод айлчлах үеэрээ буудуулж амиа алдсан юм. Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн газраас дэлгэсэн баримт бичгүүдэд хэдий хэмжээний шинэ материал байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 


Шинжээчдийн үзэж байгаагаар, олон баримт бичгийг өмнө нь хэсэгчлэн засварласан хэлбэрээр дэлгэж байжээ. Харин мягмар гаргийн орой дэлгэсэн олон зуун файлын зарим нь бүдгэрсэн байсан тул уншихад хэцүү байсан тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Ерөнхийлөгч Ж.Кеннедиг Л.Освальд буудсан болохыг засгийн газрын комисс тогтоожээ. Л.Освальд бол ЗХУ руу дүрвэсний дараа АНУ-д буцаж ирсэн тэнгисийн цэргийн ахмад дайчин, өөрийгөө марксист үзэлтэн гэж тодорхойлдог нэгэн байв. Гэвч олон арван жилийн турш явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, ихэнх америкчууд Освальдыг ганцаараа хэрэг үйлдсэн гэдэгт итгэдэггүй байна.


1992 онд Конгресс мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой бүх баримт бичгийг 25 жилийн дотор гаргах хууль баталжээ. Д.Трамп бүрэн эрхийн хугацааныхаа үед, мөн Жо Байден ерөнхийлөгчөөр ажиллах үедээ уг хэрэгтэй холбоотой олон баримт бичгийг нийтэлсэн боловч олон мянган хуудас баримт хэсэгчлэн эсвэл бүхэлдээ нууц хэвээр үлджээ.


Хоёр сарын өмнө гаргасан Д.Трампын зарлигт мөн 1968 онд буудуулж амиа алдсан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди болон иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэхийг засгийн газрын архивчдад үүрэг болгосон байна.


Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр Ж.Кеннедийн ач хүү, Роберт Кеннедийн хүү бага Роберт Кеннедийн дэмжлэгийг авсныхаа дараа Ж.Кеннедийн хэрэгтэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэхээ амласан билээ. Бага Кеннеди одоо Д.Трампын засаг захиргааны Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ