ЗАВХАН: Олон улсын таеквондогийн тэмцээн 14 дэх жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-17 16:17:44

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын таеквондогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Завхан аймагт 14 дэх жилдээ зохион байгуулна. Тэмцээнийг 5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-13 нас, 14-17 нас гэсэн таван насны ангиллаар явуулна.


Түль, тулаан, онцгой техник, эргэлттэй өшиглөлт, хурдан өшиглөлт гэсэн 5 төрлөөр 198 багц медалийн төлөө тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.


Тэмцээнийг Завхан аймгийн биеийн тамир спортын газар, олон улсын таеквондогийн Цэцэн шонхор клуб, Цагаанхайрхан сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулна.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт "Парис-2024" зуны параолимпын алтан медальт У.Сүрэнжав нь 2017, 2018 онд энэхүү тэмцээнээс спортын гараагаа эхэлж байсан түүхтэй.


Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон бусад аймгийн шилдэг тамирчид өрсөлддөг бөгөөд шагналын сан өндөр, өрсөлдөөн ихтэй болдгоороо онцлогтой. Тэмцээнийг олон улсын 1 шүүгч, монгол улсын 3 шүүгч гээд дэвжээний нийт 9 шүүгч шүүнэ гэж Цэцэн шонхор клубийг үүсгэн байгуулагч, дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Будхүү мэдээлэв. 

2024 оны олон улсын таеквондогийн тэмцээнд нийт 130 гаруй тамирчин өрсөлдөж байсан

Холбоотой мэдээ