“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ сарын 14-нд хаалтаа хийлээ.
Хорь хоног үргэлжилсэн уг хөтөлбөрт гадаад дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдав. Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц болж, дадлагажигч оюутнууд орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.