А.Ихзаяа: Уран зохиолын номоос түүх, ёс заншил, соёл, ахуйн мэдлэгийг олж авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-01-21 10:29:34

Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Номын санчтай номын тухай ярилцаж суух завсар өөрийн малчин дүүгийнхээ ном их уншиж, номд дурладаг тухай өгүүлсэн нь сэтгүүлч миний сонирхлыг татсан юм. Тэгээд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн малчин Агаановын Ихзаяагийнд очлоо. А.Ихзаяагийнх сумын төвөөс урагш, ойролцоогоор хоёр км зайд дэнж дээр өвөлжинө. 44 настай тэрээр эхнэр, охины хамт амьдардаг бөгөөд охин нь энэ жил оюутан болжээ.


Тэрбээр 1998 онд сумынхаа дунд сургуулийг дүүргээд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн худалдааны зохион байгуулагч, менежер хэмээх мэргэжлээр хоёр жил сураад цэрэгт явжээ.


“Мэргэжлээрээ төгссөн бол аль нэг томоохон худалдааны байгууллагад зохион байгуулагч хийгээд явж байсан байхдаа” хэмээн инээх даруухан энэ залуу 2011 оноос эхлэн мал маллаж эхэлсэн байна.


-Таны номтой нөхөрлөсөн дурсамжийг хуваалцмаар байна?

-Манай аав, ээж хоёр багш. Аав маань ном их уншдаг, цуглуулдаг хүн байсан. Би уншиж сураад л номтой нөхөрлөсөн. Нэг, хоёрдугаар ангиасаа байх аа. Хамгийн анхны уншиж байсан номууд гэвэл монгол ардын болон орос ардын үлгэрүүд байлаа. Тэгээд уран зохиолын хичээлийн номуудаа уншдаг боллоо. Яваандаа том романуудыг уншдаг болсон.


-Ямар ямар роман уншиж байв?

-Хамгийн анх “Тунгалаг тамир” романыг уншиж байлаа. Бүр гурав, дөрөв ч уншсан шүү. Тэгээд “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Газар шороо” зэрэг романыг уншсан. Ер нь тэгээд тууж, өгүүллэг гээд аль таарсныг нь уншчихна.


-Өнгөрсөн жилүүдэд хэр олон ном уншсан бэ?

-Тоолж байгаагүй ээ. Өнгөрсөн 2024 онд түүх, уран зохиол, өв соёл, ёс заншлын 27 ном уншсан.


-Номтой нөхөрлөөгүй өдөр бий юу?

-Байлгүй яахав. Малтай болохоор номыг барьж аваад суух зав хомс. Орой үдшийн зав зайгаараа л уншина. Хамгийн сүүлд С.Баттулга гэдэг хүний “Тэнгэрт нуугдсан уулс” романыг уншиж дууссан. 



-Өөр ном эхлүүлсэн үү?

-Их хаадын үеийн түүхийг харуулсан “Эзэгнэгчийн эцэслэл” гэдэг номыг эхлүүлэх гээд бэлдчихсэн сууж байна. XIII, XIV зууны үеийн үйл явдал болов уу гэмээр санагдсан. Дөнгөж нүүр хэсгийг нь хараад л орхисон байгаа. Хэд хоногийн өмнө аймгийн төв орохдоо авсан.


-Номоо хэрхэн сонгож уншдаг вэ?

-Номын сан руу ороод л сонгоно. Ихэнхдээ ахуйн сэдэвтэй уран зохиол, түүхэн романуудыг уншина. Шинжлэх ухааны чиглэлийн ном авдаггүй. Мөн мал аж ахуйн холбогдолтой ном уншина.


-Хүмүүсийн ном унших арга барил янз янз. Нуршсан эсвэл байгалийг зураглаж өгүүлсэн хэсгийг орхиод үйл явдлыг нь унших гэх мэт. Та номыг хэрхэн уншдаг вэ?

-Зарим нэг хэсгийг нь алгасах үе гарна аа. Харин үйл явдал өрнүүн, сонирхолтой хэсгүүдийг үг үсэггүй уншина шүү дээ.


-Нэг номыг ямар хугацаанд уншиж дуусгадаг вэ?

-Нимгэн, зузаанаас шалтгаална. Дундаж нь долоо хоногийн хугацаанд л нэг номыг уншдаг.

 

-Таны уншдаг ном роман голдуу байна. Энэ бүхнээс та яг юу мэдрэхийг, юу олж авахыг хүсэж шимтэн уншдаг юм бол?

-Уран зохиолын номоос ихэнхдээ түүх, ёс заншил, соёл, ахуйн мэдлэгийг мэдэж авна. Түүх голлоно.


-Уншсан номоосоо амьдралдаа хэрэгжүүлсэн, амьдралд тань нөлөөлсөн ямар ном байна вэ?

-“Тунгалаг тамир” роман их гоё ном л доо. Тэндээс мал ахуй, морь малтай харьцах, морь уях, наймаа арилжаа хийх зэрэг нь их сонирхолтойгоор өрнөдөг. Уншсан ном бүрээсээ мал маллах арга ухаанд суралцаж, амьдралдаа хэрэгжүүлдэг шүү. Мөн малын арьс шир боловсруулах талаар бичсэн ном уншиж байсан. Тэндээс олж авсан мэдлэгээрээ гэртээ ахуйн хүрээнд үхрийн арьс боловруулж, өөрийн хэрэглээнийхээ суран эдлэлийг хийж байна. Мөн нутгийн хүмүүсийн хийгээд өгөөч гэсэн суран эдлэлийг элдэж хийж байна. Боломжийн үнээр хийж өгөөд, өрхийн орлогодоо нэмэр болж байна даа. Ихэнхдээ өвөл, хаврын улиралд хийдэг дээ. Ном уншина гэдэг бол хүний мэдлэгийг дээшлүүлнэ. Хүний амьдрал ахуйд ч нэмэр болох зүйлүүд ч их байдаг.


-Та хэр сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

-Би нэлээн сэтгэл хөдлөлтэй шүү. Амархан баярлана, хөөрнө.


-Номынхоо дүр дотор хэр ордог вэ? Сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлэх үү?

-Бараг байхгүй дээ.


-Номоо малын бэлчээрт уншвал илүү тухтай байх уу?

-Тэгэлгүй яахав. Хаврын дулаанд хонины бэлчээрт хонио тогтоочихоод унших бас сайхан шүү. Заримдаа хонио мартчих тал байна. Сонирхолтой ном бол хүнийг дурлуулж, улайруулна шүү дээ.


-Та ямар ном байх байсан бол?

-Би өөрөө их адал явдалтай хүн шүү дээ. Ном байсан бол их өрнөлтэй, адал явдалтай зохиолын ном байх байсан болов уу.


-Таныг номд дурлуулсан хүн бол аав тань. Бас таны эгч болов уу гэж би бодлоо?

-Тэгэлгүй яахав. Миний эгч номын санч мэргэжилтэй. Аймгийн номын сангийн Хүүхдийн номын ордны номын санчаар олон жил ажиллаж байна. Дуртай үедээ очоод номоо сонгоод авна. Бүр болохгүй бол утсаар яриад захина. Энэ бас том боломж шүү дээ.


Манай аав Өлзийбатын Агаанов гэж насаараа багшаар ажилласан. Биднийг бага байхад гэрээрээ дүүрэн номтой. Орой ажлаасаа ирээд л ном уншина. Хоол идэж байхдаа хүртэл ном уншаад ээжид загнуулах үе зөндөө л байлаа. Би ч ялгаагүй сонирхсон номоо зэрэгцээд л уншина. Хүнээр шахаж шаардуулж ном унших гэдэг ойлголт байхгүй. Хичээлээ ч тэр, шаардуулахгүй хийчихнэ. Үүнд аавын минь нөлөө их. Эгч маань ч номын санч хийж байгаа нь давуу тал болж байгаа юм. Эгч маань “Энэ сүүлийн үед гарсан гоё ном” гээд л зөвлөнө. “Чонон сүлд”, “Жаран цагаан хонь” зэргийг эгчийнхээ зөвлөснөөр уншиж байлаа.


-Таны ном унших дадал бусдад хэрхэн нөлөөлж байна?

-За ховор доо. Номд дурлах хүн өөр. Андашгүй. Гэрт орж ирээд миний ном уншиж байхыг харсан хүн номд дуртай эсвэл сонирхож байгаа бол харна, сонирхоно, “өгөөч” гээд аваад явна. Тийм хүн ховор байна. Сүүлийн үед зурагт, утас нь сонирхлыг нь илүү татчихаад байх шиг байна. Ном уншиж байгаа хүн ховор. Манай эгч нарын хүүхдүүд амралтаараа ирэхээрээ үлгэрийн номуудыг аваад уншиж байгаа харагддаг.


-Ширээний ном гэдэг шиг гарын ном бий юу?

-Хэдэн морины ном бий.


-Хүмүүс ном уншиж байхдаа эсвэл дуусаад өөрт таалагдсан агуулга, ишлэлээ тэмдэглэдэг. Таны хувьд?

-Тусгай тэмдэглэл хөтөлдөггүй ээ. Толгойдоо л хадгална.


-Таны суран эдлэлүүдийг харж л суулаа. Сайхан хийжээ?

-Сур бол миний сонирхол. Арьс шир үнэгүйдэж байна. Хогийн цэгээр дүүрэн. Ядаж өөрийн болон ойр хавийнхаа айлын идэшний ширийг хаяхгүй, юм болгочих юмсан гэсэн бодолтой анх 2015 оноос эхэлж байлаа. Эхний жил өөрийнхөө идэшний ширийг гандаж, сур, суран эдлэл хийж байсан. Сүүлдээ хоёр, гурав болсон. Одоо жилд арван ширийг бэлдэж авдаг болсон. Өвлийн турш цувуулж ганд хийж, олон шат дамжлагаар боловсруулна. Боловсруулсан ширээрээ эмээл хазаар, морь малд хэрэглэх суран эдлэл гээд сураар хийж болох бүхнийг малынхаа завсар чөлөөгөөр хийж байна. Гар ядарвал сураа орхиод номоо уншина даа.


-Ном уншихын сайхныг хэлж, уриалаад ярилцлагаа дуусгая?

-Хүүхэд залууст хэлэхэд ном уншсанаар түүх соёл, ахуй амьдралын талаарх мэдлэг нэмэгдэнэ. Цаг заваа зөв боловсон өнгөрүүлнэ. Аль ч салбарын хүнд ном чухал. Ном бол аль ч цаг үед үнэ цэнээ алдахгүй, үнэт хөрөнгө шүү дээ. Хэвлэмэл номыг байнга гэртээ байлгавал хэзээ ч хамаагүй уншаад сэргээчихнэ. Номоо сайн уншиж байгаарай гэж хүүхэд залуустаа хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.   


Холбоотой мэдээ