“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрөөр 100 оюутныг сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-20 17:44:05

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхоюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлснийг нээлтийн үеэр хэллээ. “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийг “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд УИХ-ын дарга санаачилж, чуулганы үйл ажиллагаа, байнгын болон дэд хороод, ажлын хэсгүүдэд боловсруулж буй бодлого, шийдвэрийн төсөлд залуучууд, оюутны санал бодлыг тусгах, тэдний идэвхтэй оролцоог хангах механизм бүрдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан аж. Тус ажлын хэсгээс энэхүү хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрт дотоод гадаадын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын түвшний гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутныг хамруулжээ.


Ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн сургалтыг тус ажлын хэсэг УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ