Б.Ядамсүрэн: Сайныг бодож, хөөрч баярлаж, сурч мэдэх нь эрүүл байхын үндэс юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-20 19:53:14

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улаангом сумын 3-р багийн өндөр настан Билэгтийн Ядамсүрэнтэй эрүүл аж төрөх есний талаар цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр өдгөө 78 настай ч эрүүл саруул, өвчин эмгэггүй, ямар нэгэн эм тариа хэрэглэхгүйгээр амьдарч байна.  


-"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байгаа. Ингэхэд та эрүүл саруул, өвчин эмгэггүй байх тал дээр ямар бодол тээж явдаг вэ?

-Хүн бүр бодож байх ёстой их чухал сэдэв байна. Ямарваа хүн өөртөө хоёр зорилго тавих ёстой гэж би боддог. Эхнийх нь эрүүл байх. Удаах нь эд таваар элбэг байх. Эрүүл байж сайхан амьдарна. Хэчнээн их баян байгаад тэр хүн өвчтэй бол сайхан амьдарч чадахгүй. Өвчтэй баян эрүүл гуйлгачинд атаархдаг гэж үг бий. Эрүүл хүн монголын баялаг, хувь хүний хувьд ч, гэр бүлийн хувьд ч, нутаг орондоо ч гэсэн баялаг нь юм. Тиймээс бага залуугаасаа биеэ тордож, эрүүл байхад үргэлж анхаарч явах ёстой.

Хамгийн түрүүнд зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэх, тэр дундаа монголынхоо уламжлалт хоол хүнсээр хооллож байвал өндөр наслахад чухал үр нөлөөтэй.

Хоёрдугаарт хөдөлгөөн, хөдөлмөрлөж байх ёстой. Манай малчин түмэн бол хөдөлгөөн ихтэй байдаг. Орчин үед хот суурин газар, дөрвөн хананы дунд амьдарч байгаа хүмүүсийн хөдөлгөөн багасаад, дээрээс нь хооллолт ихсээд, таргалалт нэмэгдээд, үүнээс болж зүрх өвдөх, даралт ихсэх, нас баралт Монголд их байгаа тухай мэдээлэх юм. Тиймээс эрүүл байхын тулд таргалахгүй байх хэрэгтэй. Монголчуудын нэг сайхан үг бий. “Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн өвчинтэй” гэдэг.

Эрүүл байхын тулд архи, тамхи хоёроос хол байх хэрэгтэй. Архи 10 нас, тамхи 5 нас хороодог гэж манайхан ярьдаг. Ялангуяа тамхи бол архинаасаа илүү хортой гэж бидний үеийнхэн ярьдаг. Яагаад гэвэл тамхийг үргэлж угжиж байдаг. Эхлээд уушиг руу орж бохь үүсгэн, улмаар шүлсээр дамжин ходоод руу орж биеийг хордуулдаг.

Байнгын архи ууж согтуу байдаг хүн ховорхон. Өдөр тутам, цаг тутам тамхи татаж өөрийгөө хордуулдаг хүн их байна. Бид тамхи татаж байгаа биш тамхи биднийг татаж байна, бид архи ууж байгаа биш архи биднийг уугаад хордуулаад байна. Энэ хоёр хороос салах хэрэгтэй.

Гуравдугаарт оюуны ядууралд орж болохгүй. Хүн оюунаараа баян байх хэрэгтэй. Үргэлж шинийг санаачилж, сурч, мэдэхийн төлөө байж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй.

Аливаа өвчнийг эмийн бус аргаар анагааж, аль болох байгалийн сайханд, агаар салхинд явах ёстой. Хүүхэд багачуудаа салхинд гаргах хэрэгтэй, сайныг бодож, сайн сайхныг ярьж хөөрч, баярлаж, сурч мэдэж байх нь эрүүл байхын үндэс юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтэд хандан таны сайн эмч хэн бэ гэвэл та өөрөө, таны хамгийн сайн эм бол таны эрүүл мэндийн тухай мэдлэг гэсэн сайхан зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Иймээс эрүүл оршин амьдрахад хүн бүр анхаарч явъя. Эрүүл хүн бол Монголын баялаг шүү.


-Таны амьдралдаа мөрддөг зөв дадал хэвшил юу вэ?
-Би одоо 78 настай. Энэ цагаан сар гараад 79 рүү орно. Өдий наслахдаа эм тариа бараг хэрэглээгүй. Ер нь бол химийн гаралтай эм тариа хэрэглэх дургүй. Элдэв төрлийн дасгал хөдөлгөөн хийж биеэ сэргээж байдаг.

Миний биеийн жин хуучин 75-80 кг хооронд байсан. Одоо 70 орчим кг байна. Өндөр 175 см байсан одоо 170 см хүрэхгүй боллоо.

Өглөө босоод 500-600 гр цэвэр ус уудаг. Энэ их нөлөө сайтай. Дасгал хийнэ, өглөөний цайгаа ууна. Өдөр дунд агаарт алхдаг. Өвөл, зунгүй байнга алхдаг. Одоо харин хөгшрөөд алхалт жаахан удааширсан. Нүдний хараа сайн, сонсгол бага зэрэг муудаж эхэлж байна. Ер нь бол биед өвдөх зүйлгүй дээ.

-Танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай. 

Холбоотой мэдээ