УВС: Гудамжны чөлөөт номын сангуудад 7000 гаруй ном цугларч, уншигчдад хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Нийтийн номын сангаас Улаангом хотын нийтийн эзэмшлийн талбайд “Та авч, өгч болно” уриан дор гудамжны чөлөөт номын санг байгуулжээ.
2022 оноос хойш жил бүрийн намрын номын баяраар хамт олныхоо хүчийг ашиглан гудамжны чөлөөт номын сан байгуулж, соёлын орон зайг бий болгож байна. Хамгийн анх Б.Гиваан баатрын талбайн автобусны зогсоол дээр ийм номын сан байгуулж байсан бол түүнээс хойш Ө.Бадрахын талбайд 2 номын сан, өнгөрсөн жилийн номын баяраар байгууллагынхаа гадна талбайд чөлөөт номын сан байгуулсан байна.
Иргэд эдгээр номын сангаас өөрт хэрэгцээтэй номыг авах, мөн бусадтай хуваалцахыг хүссэн номоо аваачиж тавих соёлд суралцаж байгаа юм.
Сүүлийн 3 жилд эдгээр чөлөөт номын сангуудад ойролцоогоор 7000 орчим ном цугларч, энэ нь уншигчдад хүрсэн гэх тоо бий. Өөрөөр хэлбэл, гудамжны чөлөөт номын санд байгаа номыг бүгдийг уншигчид гэр лүүгээ аваачиж уншсан байна.
Зарим иргэд чөлөөт номын санд номоо аваачиж тавихдаа зургийг нь дарж цахим сүлжээнд байршуулснаар мэдээлэл солилцдог болж, ном унших сонирхолтой иргэдийн хувьд харилцаа холбоо ч ийнхүү сайжирч, хүрээ нь өргөжиж байгаа юм.