ХОВД: НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе
Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны
дарга Л.Энхнасан тэргүүтэй Хүүхдийн сангийн хамтарсан баг энэ сарын 14-17-ны өдөр
Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын баг орон нутгийн удирдах ажилтнуудтай
уулзаж, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон гэж Ховд аймгийн ЗДТГ-аас
мэдээллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн
хүрээнд 2023-2024 онд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн нярайн эрт илрүүлгийн төв байгуулсан
ба эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах тоног төхөөрөмж
суурилуулсан юм. Мөн бага насны хүүхдийн зүрхний олдмол гажгийг
илрүүлэх зорилгоор анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг стрептококкын шинжилгээ
авах тестээр хангаж, өсвөр насныханд хүний папиллома вирусний эсрэг вакциныг
нэвтрүүлсэн зэрэг олон ажил хийжээ.
2025 онд Зоонозын өвчин судлалын төвийн дээврийн засварын ажил, сумдын хог хаягдал түр хадгалах цэг байгуулах, автоклав байрлуулах байр барих, ариун цэвэр, бохирын нэгдсэн загвар байгууламжтай болох, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Үенч, Ховд суманд ундны усны худаг гаргахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг Ховд аймгийн төлөөллүүд хүслээ.
Ажлын баг Ховд аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр ажиллаж, Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийсэн ажилтай
танилцав. Мөн Үенч суманд ажиллаж, хилийн боомт, сумын эрүүл мэндийн төвийн үйл
ажиллагаатай танилцаж буй.