ОРХОН: Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-01-15 09:59:49

Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хавдрын эмчилгээ, үйлчилгээг иргэдэд ойртуулж “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг БОЭТ-өө түшиглэн байгуулахаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Уг төвд ажиллах хүний нөөцөө бэлтгэж 2025 оны орон нутгийн төсөвт “Хавдрын төв” байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг тусгаад байна.


Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. БОЭТ-д хорт хавдартай 1500 иргэн хяналтад байдаг бөгөөд эдгээр иргэдийн 130 орчим нь жилд нас барж, шинээр 300 орчим иргэн хорт хавдраар оношлогддог гэх судалгаа гаргажээ.


Тиймээс эхний ээлжид сүүлийн жилүүдэд хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ. Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчлэх зорилтыг тавин ажиллаж эхэллээ.

Холбоотой мэдээ