Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх эрх зүйн орчныг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ![](/files/675a9c645e858.jpeg)
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Манай улсад өнгөрсөн хугацаанд нийт 45.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Сүүлийн 6 жилийн дүнгээр гадаадаас Монгол Улсад 42.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулсны 73 хувь нь уул уурхай, олборлох салбарт оногдож байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байгааг харуулж буйг өнөөдөр “Улаанбаатар галлерей”-д болсон “Mongolia Growth Forum” форумоор хөндлөө.
Зөвхөн төрөлжилт ч бус. Хөрөнгө
оруулалт дээр тэргүүлэх чиглэл салбар нь юу байх юм, хууль эрх зүй тогтвортой,
шударга хэрэгжиж байх зэрэг асуудлыг өнөөдөр мөн хэлэлцлээ. Нэг ёсондоо Засгийн
газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж буйг танилцуулж, энэ талын бодлогыг
хэлэлцүүллээ. Ингэхдээ Төрийн худалдан
авах ажиллагааны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай
хуулийг хамтад нь шинэ үзэл баримтлал болон гадаад худалдааны бодлогод хийх
реформын шинжтэй санал, санаачилгын хамт танилцууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болж шинэчлэх нь нөгөө талаар хөгжлийн төслүүдийг (ялангуяа төр, засгаас зарлаад буй 14 мега төсөл) санхүүжүүлэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үр дүнг хүлээж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж байна. Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих, тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж байгааг Монгол Улсын Шадар сайдын орон тооны бус зөвлөх Г.Жавхлантөгс танилцууллаа.
Хуулийн үйлчлэх хүрээг Монгол
Улсад гадаадаас орж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, татах, хамгаалах, хөрөнгө оруулалтын
баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцаанд
хамаарахаар зааж, хуулийг “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай
хууль” гэж нэрлэж буйг тэрбээр тодотголоо. Хуулийн төслийг дараах зарчмыг
тусгах замаар боловсруулах аж. Үүнд:
- Тогтвортой байх (Төрийн бодлого,
хууль тогтоомж тогтвортой мөрдөгддөг байх, аливаа бодлогын өөрчлөлт нь урьдчилан
таамаглахуйц байх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтвортой байх),
- Шударга, тэгш байх (Хууль дээдлэх
зарчмыг тусган, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх, хөрөнгө оруулагчийн
эрх ашгийг дордуулахаар бол
хуулийг буцаан хэрэглэхгүй байх,
гэрээний үүргээ үл маргах журмаар, ёсчлон биелүүлдэг байх),
- Нээлттэй, ил тод, ойлгомжтой
байх (Хууль тогтоомж нь нийтэд ил тод бөгөөд, тодорхой, ойлгомжтой буюу хоёрдмол
утга санаагүй байх, нэг эх үүсвэрээс олгож,
хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэдэг байх),
- Шуурхай байх (Төрийн байгууллагуудын
уялдааг сайжруулж, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах,
гомдол шийдвэрлэх бүтцийг бий болох),
- Цахим байх (Дээрх зарчмуудыг
хэрэгжүүлэх цахим шийдэл нэвтрүүлсэн байх) зарчмыг баримтална гэжээ.
Дээрх 5 зарчмаас гадна:
- Эдийн засгийн тэргүүлэх
чиглэлд харьцангуй давуу талыг улам нэмэгдүүлсэн, урамшууллын зохих бодлогуудыг
тусгана.
- Хөрөнгө оруулагчдын эрх
ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж,
тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай
бодлогыг зангиддаг байгууллага болгоно.
- Томоохон хөрөнгө оруулалт татах урамшууллын систем бий болгох, тэр дундаа татварын болон татварын бус урамшуулал олгох боломжийг тусгаж өгнө гэжээ.
Эдийн засагч Д.Жаргалсайхан, манай улсад гадаадын хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй зүйл үгүй, гагцхүү түүнийг татах хэрэгтэй байна. Дэлхий даяар мөнгө маш их байна. Бидэнд харин хэрэгцээ байна. Энэ дээр манай улс хоёр хөршийн дундах байршлаа буюу дэлхийн хоёр том зах зээлийн дунд байгаагаа мөн ашиглах нь зүй гэдгийг онцоллоо. Тиймээс тогтвортой хууль эрх зүй, орчин хэрэгтэй байгааг ойлгох нь зүйтэй гэв.
Тэрбээр манай улсад Гадаадын хөрөнгө оруулалтын Үндэсний зөвлөл байгуулж буйг хэллээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шийдвэр гаргадаг субьект буюу шийдэх үйлчилгээг үзүүлдэг байгууллага байх юм гэдгийг тодотголоо.
“Бид нар том дүнтэй хөрөнгө оруулалт ярих цаг болсон. Том хөрөнгө оруулалт гэдэгт нь жишээ нь, цахилгаан станц барих орно. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс орон гэж байхгүй. Хэрвээ бид энэ Засгийн газраа унагачих юм бол дараагийн Засгийн газар тогтворгүй байх эрсдэлтэй. Тогтворгүй байна гэдэг том төслүүд хэрэгжиж чадахгүй гэсэн үг.
Ийм орчин нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил ярих боломжгүй. Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас л бид гадаадын хөрөнгө оруулалт, том төслүүдийн талаар илүү ярьж, олон жил гацсан, улс орны хөгжилд нэн хэрэгцээ, шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж, бодитой алхмууд хийж эхэлж байна. Хамтарсан засаг бүрдсэн учраас тэр ярих, хэлэлцэх боломж нь бүрдэж байна гэсэн үг. Энэ түүхэн цаг үе, боломжоо ашигламаар байна” гэв.