Мохаммад Файсал Аль-Мутайри: Кувейт болон Монгол Улсын хооронд өндөр түвшний харилцааг цаашид ч хөгжүүлэхийг эрмэлзэх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-11-18 13:23:00

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри Монгол Улсад ажилласан сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ. Тэрбээр Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа нь дуусаж байгааг дурдаад, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоёр улсын хооронд бий болсон харилцаа хамтын ажиллагааны бааз суурь улам бүр бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Миний бие 2018 оны 10-р сард найрсаг Монгол Улсад өөрийн улсаа төлөөлөн Элчин сайдаар томилогдон ирснээс хойш 6 жилийг үджээ. Эхэндээ Сибирийн бүсийн сэрүүн агаар, монгол нутгийн хахир хүйтэн өвөлд дасан зохицоход багахан бэрхшээлтэй тулгарч байснаа санаж байна. Гэсэн ч монгол орны үзэсгэлэнт байгаль, эртний түүх, өв соёл, Монгол түмний сайхан сэтгэл, зочломтгой зан аальтай танилцан, дасал болсондоо нэн тааламжтай байнам. Энэ их өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, элбэг баян ан амьтан, мал аж ахуй, байгалийн нөөц баялаг нь Монгол Улсын хөгжил дэвшилд томоохон түлхэц өгч, монгол орон ард иргэдийнхээ хүч хөдөлмөрийн үрээр, удирдагчдынхаа алсын хараан дор улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт би итгэл дүүрэн байдаг.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Кувейт Улс, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагааг аливаа сорилтыг үл ойшоон ялангуяа улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, худалдааны гэх мэт бүхий л салбарт улам бүр хөгжүүлэх үүрэг хариуцлагыг өөртөө үүрч, Кувейт Улсын Гадаад харилцааны яамны хамтран зүтгэгч нөхөдтэй үүрэгт ажлаа уялдуулан ажиллалаа. Ажлаа авсныхаа дараахан 2018 оны 12-р сард Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Кувейт Улсад хийх айлчлалыг зохион байгуулав. Тус айлчлалын дараа миний бие Кувейт тал, Монголын тал хооронд зохион байгуулалттай, байнгын яриа хэлэлцээний механизм болох улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахыг Гадаад харилцааныхаа яаманд санал болгосноор тус зөвлөлдөх уулзалтын анхдугаар хуралдаан 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Түүний дараа 2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Кувейтэд айлчилж, мөн ондоо улс төрийн зөвлөлдөх уулзалтын 2-р хуралдаан Кувейт хотноо зохион байгуулагдсан билээ.

Дурдсан айлчлал, хурал, уулзалтуудаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт, тэр дундаа эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх арга зам, нэн ялангуяа мал аж ахуйн баялгаар алдартай Монгол Улсаас Кувейт Улсад мах экспортлох боломжийн талаар хөндсөн нь миний зүгээс хэрэгжүүлэхийг байнга зорьж ирсэн ажил маань байсан юм.


Дэлхий дахин 2020 оны эхээр корона вируст цар тахлын сорилттой нүүр тулж, бусад улсын нэгэн адил Монгол Улс ч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хоёр улсын хамтын ажиллагааны механизмын уулзалтууд хойшлогдсон. Бидний зүгээс ч цар тахал өвчин, түүнийг дагасан хязгаарлалтын дэглэмийн улмаас Үндэсний баярын хүлээн авалтаа хоёр жил гаруйн хугацаанд зохион байгуулалгүй зогсоож байв. Гэсэн  хэдий ч манай хоёр орны харилцаа цөхрөлтгүй, тууштай байдлын ачаар цар тахлын үед ч тасраагүй. Коронагийн эсрэг вакциныг эрүүл мэндийн салбарын санхүүжилт бага, дунд улс орнуудад хандивлах зорилготой Ковакс хөтөлбөрт хандивлагч орнуудын нэг нь Кувейт Улс байсан. Манай улс дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах зорилгоор тус хөтөлбөрийн хандивлагч орон болсон юм. Найрсаг харилцаат Монгол Улс ч тус хөтөлбөрт хамрагдан тодорхой хэмжээний вакцин хүлээн авсан билээ.

Цар тахал, хорио цээрийн дэглэм суларч, юмс эргээд хэвийн байдалд орсны дараа бид монгол найз нөхдийнхөө хамтаар олон үйл ажиллагаа зохион байгуулснаас дурдвал Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Кувейт Улсын соёл, урлаг, утга зохиолын үндэсний зөвлөлтэй хамтран Монгол Улсын соёл урлагийг Кувейт Улсын ард иргэдэд таниулан сурталчлах зорилгоор 2023 оны 3-р сард Аль-Кувейт хотноо “Welcome to Mongolia” үйл ажиллагаа зохион байгуулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын удирдлагууд болон хоёр талаас тус бүр 30 орчим компанийн төлөөлөл оролцуулан 2023 оны 3-р сард Аль-Кувейт хотноо Кувейт-Монголын бизнес форумыг зохион байгуулсан. Тус форумын үеэр хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Тус санамж бичигт хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, үзэсгэлэн, хурал хамтран зохион байгуулах, зах зээлийн судалгаа хийх зэргийг тусгасан.


Хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хувьд Кувейтийн Эмирийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хяналтад баригдан дууссан Түлэнхийн төвийн барилга 2023 оны 5-р сарын сүүлээр нээлтээ хийсний ач холбогдлыг онцлон тэмдэглэмээр байна.


Тус эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд болон Кувейтийн сангаас зочид ирж оролцсон билээ. Ийнхүү тус эмнэлэг ашиглалтад орж, эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрэн хүчин чадлаараа Монгол Улсын иргэдэд үзүүлж байгаад баяртай байна.

Өнгөрсөн оны сүүлчээр буюу 2023 оны 12-р сард хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын 3-р хуралдааныг зохион байгуулсан. Энэ үеэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам, цаашид хоёр улсын хооронд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурах гэрээ, санамж бичгүүдийг бэлтгэх чиглэлээр хоёр улсын эрх бүхий байгууллагуудыг идэвхжүүлэх зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдийг хөндөж хэлэлцсэн.

Хоёр талын гэрээ хэлэлцээрийн хувьд, бид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчдийг 2023 оны хоёрдугаар сард Кувейт Улсад айлчлуулж, тус айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Кувейтийн Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргатай уулзан хоёр улсын агаарын харилцааны тухай хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцсон.

Кувейт Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг миний бие дээр дурдсан билээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас Кувейт Улс руу мах экспортлох чиглэлд хоёр тал хамтран хүчин чармайлт гаргаж, Кувейт Улсын Хүнс, хоол тэжээлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 2023 оны 12 дугаар сард Монголоос импортлох махны хоригоо цуцалсан бол мөн 2023 оны 12-р сард Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн харьяа Магадлан итгэмжлэлийн төвөөс Монгол Улсад дотооддоо Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийн сертификатыг 5 жилийн хугацаатай (2023-2027) олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр хүчин чармайлт нь Монгол Улс болон Арабын булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд, ялангуяа Кувейт Улстай хийх худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлэхэд чухал нөлөө үзүүлсэн  бөгөөд саяхан бид Монголын мах анх удаа Кувейт улсад тээвэрлэгдэн хүрснийг харсан билээ. Одоогоор Монголын мах Кувейтийн захуудад борлуулагдаж байна.

Саяхан 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн санг Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Найрамдал” медалиар шагнасан. Түүнчлэн энэхүү шагнал нь өнгөрсөн жилүүдэд Кувейт Улс, Монгол Улс хоорондын бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд ЭСЯ-ны гаргасан уйгагүй хүчин чармайлтын үр дүнд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас оруулсан хувь нэмэр, зээл, тусламжийг өндрөөр үнэлж буй явдал юм.

Тун удахгүй ирэх оны зургадугаар сард Кувейт Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж байна. Тус ой бол найрсаг харилцаатай хоёр орны хувьд өндөр ач холбогдолтой, чухал үйл явдал билээ.

Үүнтэй холбогдуулан хоёр орны гүн гүнзгий найрсаг харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг илтгэн харуулах энэхүү ой баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь нэн чухал болохыг онцолъё. Ялангуяа, Кувейт Улс нь Монгол Улсад Элчин сайдын яамаа нээн ажиллуулсан Арабын болон Булангийн орнуудын анхдагч улс тул тус харилцааг илүү өвөрмөц, онцгой ач холбогдолтой болгож байна.

Төгсгөлд нь, ийнхүү олон жилийн хамтын ажиллагааны дараа, томилолтын хугацаанд ажилласан жилүүдэд минь намайг дэмжиж, зочломтгой хүлээн авсан Монгол Улсад гүн талархлаа илэрхийлэхийн хамт Кувейт Улс болон найрсаг Монгол Улс хоорондын өндөр түвшний харилцааг цаашид ч хөгжүүлэхийг эрмэлзэж явахаа хэлье. Өнгөрсөн жилүүдэд олсон ололт амжилт нь найрсаг хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхэд бат бөх суурь болно гэдэгт найдаж байна...

Миний бие үүнээс илүү ихийг хийх хүсэл эрмэлзлэлтэй байсан шүү гэдгээ та бүхэндээ хэлэх ташрамд үүрэгт ажлаа биелүүлж, хүссэн зорилгодоо хүрэхэд минь хувь нэмрээ оруулсан, энэ цаг хугацаанд эерэг сэтгэгдэл төрүүлсэн хүн бүрд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Ийнхүү Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа минь дуусаж байна. Гэвч энэ үе бол өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бий болгосон харилцаа хамтын ажиллагааны бааз суурь улам бүр бэхжин хөгжих шат руу шилжих шинэ алхмын эхлэл гэдгийг та бүхэндээ хэлье....

Монгол Улс-Улаанбаатар

2024 оны 11-р сар

Холбоотой мэдээ