ӨВӨРХАНГАЙ: "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд нийт 1.1 сая мод тариад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-12 16:00:26

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил бүх нийтээр мод тарих ажлыг 5, 10 дугаар сард зохион байгуулж, нийт 445120 ширхэг мод, бут тариад байна.


Үүнээс байгалийн сэргэн ургалтад туслах ажлаар 273100, төв суурин газрын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болон айл, албан байгууллагуудад 112352, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр 56680, агро ойн аж ахуй, жимсний мод тарих чиглэлээр 21750 ширхэг мод, бут тарьжээ.



Мод тарихад 347 албан байгууллага, 4651 иргэн оролцсон юм. Энэ жилийн хувьд Бат-Өлзий сум хамгийн их буюу 283500 ширхэг мод тарьсан бол Тарагт сум ямар нэг ч мод, бут тариагүй байна.


Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Үүнээс 1 сая, 137 мянган модыг тариад байна. “Эхний жилүүдэд мод тарих бэлтгэл ажлыг хангаж, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхэд голлон анхаарсан. Одоогоор аймгийн хэмжээнд мод үржүүлгийн 20 гаруй газарт 5.7 сая тарьц, суулгац ургаж байна. 2025 оноос эхлэн жилд нэг саяас дээш мод тарина” хэмээн аймгийн Байгаль орчны газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуяг хэллээ. 

Холбоотой мэдээ