Т.Жамьянсүрэн: Латин, кирилл үсгийн урлагийн мэдлэгээ үндэснийхээ бичигт тусгах сорилт тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-10 16:00:02

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг 2024” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд монгол үсгийн урлагийн талаар үсгийн урлагийн ахмад, залуу үеийн төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв. 


Хэлэлцүүлгийг МХО-ны багш, каллиграфийн мастер, Жалайр Д.Батбаяр "БНМАУ-ын Дүрслэх урлагийн байгууллага нийгэмдээ үсгийн урлагаар хэрхэн үйлчилж байсан бэ", ШУТИС-ийн ҮТС-ийн захирал, доктор , дэд профессор Ц.Батсайхан “Дизайны сургалт ба үсгийн урлаг”, каллиграфийн мастер Онолт Т.Жамьянсүрэн “Үсгийн урлагийн мэдлэг, ур зүй” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. 


Каллиграфийн мастер, зураач Т.Жамьянсүрэн, “Тус салбарт удаан жилээр хуримтлагдсан асуудлыг мэргэжлийн хүрээндээ хэлэлцэх нөхцөл боломж анх удаа бүрдлээ. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарч байгаагийн илрэл гэж ойлгож их баяртай байна. Мөн мэргэжил нэгт нөхөд маань эвлэлдэн нэгдэж асуудалд шинжлэх ухаанчаар хандана гэдэгт итгэлтэй байна. Цахим эрин, цахим тоноглол, цахим орчинтой уялдаад үсгийн урлагийг заах, мэргэжлийн боловсрол олгохдоо аргаа багахан өөрчлөх нь тустай. Үсгийн урлагийн хуучин болон шинэ цагийн хандлага чиглэлийг тодорхойлж фонтыг хэрхэн бүтээх ба фонтыг хэрхэн ашиглах зэрэгт сургах нь эн тэргүүний зорилт болжээ. Урлагийн сургуулиудад үсгийн урлагийн хичээлийг сэргээх, хичээлийн нь хөтөлбөрийг шинэчлэх, агуулгыг нь орчин цагийн түвшинд хүргэх, багш нарт тусламж дэмжлэг үзүүлэх нь богино хугацаанд үр дүнд хүрэх сайн арга хэмжээ болно. Үүнд латин, кирилл үсгийн урлагийн мэдлэгээс үндэснийхээ бичиг үсэгт тусгаж ажиллах сорилт бидний өмнө байна. Мэргэжлийн дизайнеруудаас гадна бүх нийтийн боловсролд ч санаа тавих шаардлагатай байгаа тул аль болох тал талыг нь харсан оновчтой шийдэл эрэлхийлэхийг чармайж байна” хэмээн онцолсон юм. 


Манай улс дэлхий дахины түүхээс дутахааргүй бичиг үсгийн соёлтой. Орчин цагт бидний хэрэглэж буй кирилл үсгээр 1942 оноос зураг, лоозон хэвлэж эхлэн, МУЭХ-г 1953 онд байгуулж, гар урлал, хэвлэл чимэглэлийн үйлдвэрлэл явуулж, Ардын зураач нар сургалт явуулж байсан. УЭХ-ны 30-40 зураач 1300-гаад байгууллагын баярын чимэглэл, зурагт хуудас, самбар, уриа лоозон, хаяг шошгыг 24 цагийн турш 3 ээлжээр гүйцэтгэдэг. Улсын баяр наадам, шинэ жил, октябрь, майн баярын чимэглэлийг ч маш их хүч гарган хийдэг. УЭХ 20 аймаг, Улаанбаатарт салбартай, хот хөдөөгүй л улсаа чимэглэхэд ур ухаанаа уралдуулж, 80-аад жил хотын гоёл чимэглэлийг урлаж ирсэн түүхээс Д.Батбаяр сонирхууллаа. Түүнчлэн, хөдөө орон нутгаас шилдэг урчуудыг цуглуулан 1931 онд гар урлалын үйлдвэрийг байгуулж, одоогийн Дүрслэх урлагийн музейд байгаа алдартай сийлбэрүүдийг бүтээсэн бол хэвлэл чимэглэлийн үйлдвэрийг 1959 онд байгуулж, цуврал 5 марк гаргаж байжээ. Улмаар 1971 онд монументал чимэглэлийн үйлдвэр байгуулж, хуучин ЗХУ-д их сургууль дүүргэсэн хүмүүсийг уран барималч, график зургийн чиглэлээр ажиллуулж байв. "Дүрслэх урлаг" сэтгүүлийг 1970 онд гаргахад анхны торон эвхмэл үсгээр хавтсыг нь хэвлэсэн байдаг. Үсгийн боловсролтой анхны мэргэжилтэнг 1972 онд бэлтгэж эхэлснээс бичиг үсгийн урлагийн тухай бичиж эхэлснийг тэрбээр тодотголоо. 


Зураач, уран барималч С.Бадрал, “Даяаршиж буй орчин үед монгол үндэстэн бусад орноос юугаараа ялгаатай, ондоо вэ гэвэл өөрсдийн бичиг үсгээ авч үлдэх нь чухал юм. Монгол үндэстэн оршин буй цагт үндэсний бичгээ урлагтайгаа, уран бичлэгтэйгээ авч үлдэх ёстой. Үндэсний бичгээ яавал дэлхийд гайхуулах урлаг болгох талаар урлагийн түвшинд ярьж байгаа. Манай зураач, урчууд 1990-ээд оноос уран бичлэгийг сэргээж эхэлснийг цааш нь хөгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ цэцэрлэгийн хүүхдэд монгол бичгийн зурлагыг дураар нь зуруулж тоглуулдаг байх, мөн гадаадынханд сонирхуулах монгол уран бичлэг, монгол зургийн музей байгуулмаар байна. Жуулчдад уран бичлэгээ таниулж, сонирхуулж, гайхуулж, зааж, ядахдаа тэдний нэрийг уран бичээд өгдөг байя. Монгол бичгийг судалсан хүн олон ч уран бичлэгийг судалсан нь ховор. Хүүхэд багачуулд үндэсний бичгээ зааж, өв соёлоо уламжлуулж хадгалаад явбал судалгаа өргөжих нь дамжиггүй. Үүнийг төр засаг дэмжин, ивээн тэтгэж, ном хэвлэлээр сурталчилдаг, түгээн дэлгэрүүлэх бодлого боловсруулах нь зүйтэй” хэмээв. 


Зураач Б.Болдгарав, “Монголын уран бичлэгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг, монголчуудын дурсгалт өв, үндэсний бичгийн тухай ярьж байна. Цаашид энэ чиглэлээр олон зүйл хийх байх. Дэлхийд ганцхан босоо монгол бичгээрээ бид омогшиж, бахархдаг. Монгол бичгийн шрифт, дизайн, урлахын ухаан, урлах бичгийг өндөр хөгжүүлбэл бичиг үсгийнхээ соёлыг түгээж чадна. Манай хаад ноёд бичиг соёлоороо хүчирхэг гэдгээ гайхуулж байсан. Бид хос бичигтэн болоход хүүхдүүддээ уран бичлэгийг зааж, сурталчлах ёстой. Сургууль цэцэрлэг, музейд монгол бичиг гэсэн үзэсгэлэнтэй, тусдаа ном ч юм уу, хичээлийн хөтөлбөр гаргаж, хосоор нь хэвлэж сурталчлах хэрэгтэй. Тэнгэрийн татлага шиг дээрээс доош уналттай, хамгийн хурдан бичдэг бичиг шүү дээ. Монгол бичиг судлалаар ном товхимол гаргаж, эрдэм шинжилгээний бага хурал хийгээд, монгол хэл бичгийн багш нарт семинар, лекц байнга хийгээд байвал үүнийг урлаг болгоод хөгжүүлэх авьяастай хүүхдүүд гараад л ирнэ. Тэдний харах өнцөг өөр учир олж авсан мэдлэгээ өвөрмөц сэтгэлгээгээрээ хөгжүүлнэ шүү дээ. Хээр талд, хөдөөдөө, байгальдаа, мал ахуйдаа, монгол гэртээ амьдарч буй хүүхэд үндэсний бичгээ сурахын цагт биднээс илүү түвшинд өөрсдийн жанраар хөгжүүлэх боломжтой. Юутай ч бүх нийтээрээ монгол бичгээр уншиж бичдэг болох нь чухал. Тодорхой дүрэм, тигийг эрдэмтэд нь яваандаа судлаад гаргах байх” гэсэн юм. 


ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал ШУ-ны доктор Ц.Батсайхан, монголын дизайны боловсрол ОХУ-ын суурь дээр үүсээд, Герман, ОХУ-ын дизайн боловсрол хосолсон байдлаар хөгжиж байна. Уламжлалт сэтгэлгээгээ хадгалж, мэдлэгээ шинжлэх ухаантай хослуулахад анхаарах ёстой. Үүнд бичиг урлагийн ухаан маш чухал. Төсөөлөх, ургуулан бодох, логик сэтгэлгээ зайлшгүй шаардлагатай. Монголын дизайн урлаг уламжлалд суурилж, ээлтэй дизайныг баримталж хөгжихөд бичиг үсгийн дизайн чухал үүрэгтэй. Шинжлэх ухааны хичээлд бичгийн урлагийг тусгахыг хүсдэг. Бидний бичгийн урлаг ухамсарлах түвшнээс дээшилж хөгжил рүү тэмүүлж байгаа хэмээн илтгэлдээ тэмдэглэв. 


Холбоотой мэдээ