БАЯНХОНГОР: Багш нар STEM боловсролын хэрэглэгдэхүүнийг сургалтад хэрэглэх арга зүйд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-04 15:29:09

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 36 цэцэрлэгт Боловсролын яамны хөрөнгө оруулалтаар STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг иж бүрнээр нь шийдвэрлэж цэцэрлэгүүд тоглоомоо хүлээн авсан.


Тус үйл ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх “STEM боловсролын хэрэглэгдэхүүнийг сургалтад хэрэглэх арга зүйн сургалт”-ыг сургуулийн өмнөх боловсролын 80 гаруй багш, арга зүйч нарт зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь STEM боловсролын орчин үеийн хандлагад суурилсан 6D алхмын дагуу төлөвлөгдсөн үйл ажиллагааг сургалтад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. STEM нь сонирхон судлах түүх, төсөөлөн бодуулах, үндсэн концепцуудыг ойлгуулах, туршин хэмжих, зураглан ойлгох, сурснаа бататгаж шинийг санаачлах, сэтгэн бүтээх, эргэцүүлэн тунгааж хэлэлцэх, үнэлэх чадваруудыг тус тус эзэмшүүлдэг байна.

STEM боловсрол нь Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн дөрвөн чиглэлд тулгуурласан, цэцэрлэгээс коллеж хүртэл бүх шатыг хамарсан хөтөлбөр. Гэхдээ дөрвөн чиглэлийг тусад нь биш бодит хэрэглээнд нэгдсэн байдлаар хэрэглээтэй хослуулан нэгтгэн хүргэхэд анхаардаг зарчимтай. Гол зорилго нь ирээдүйд бий болох өндөр технологийн ажлын байрнуудад одооноос хүүхэд залуучуудыг бэлдэх, улмаар дэлхийд өндөр технологийн тэргүүлэх байр суурийг хадгалах явдал байдаг байна.


АНУ-ын Боловсролын газрын мэдээлснээр ахлах сургуулийн сурагчдын дөнгөж 16 хувь нь математикын хангалттай мэдлэгтэй бөгөөд STEM чиглэлээр ажиллах сонирхолтой байна. Гэтэл STEM чиглэлийн ажлын байрны эрэлт хэдэн саяаар тоологдох бөгөөд эрэлт улам нэмэгдсээр байгаа юм. Нөгөө талаас STEM чиглэлийн ажлын байрнууд нь дээд боловсрол, тэр байтугай коллежийн зэрэг шаардагдахгүй байх боломжтой. Ажлын байрнуудын заруудаас үзвэл STEM чиглэлийн ажлын байрнуудын дундаж цалин нь STEM бус чиглэлийн ажлын байрны дунджаас 26 хувиар өндөр байдаг аж.



Холбоотой мэдээ