Ши Жиньпин Словакийн Ерөнхий сайдыг хүлээн авч уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 2 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад айлчилж буй Словакийн Ерөнхий сайд Роберт Фицог баасан гарагт Бээжинд хүлээн авч уулзлаа.
Уузалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад, Словакийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, энэ хугацаанд хоёр орны уламжлалт нөхөрлөл эрч хүчээр дүүрч, янз бүрийн салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн гэжээ.
Бид Хятад, Словакийн харилцааг хоёр орны ирээдүйн хөгжлийн шаардлагад нийцсэн, хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хүчирхэг түлхэц өгөх стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр шийдсэн" гэж Ши Жиньпин мэдэгдээд, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж, шинэ түвшинд гаргахын тулд Хятад улс Словактай хамтран хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг нэмж дурдав.
Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх ёстойг Хятад улсын дарга онцлоод, өндөр дээд түвшний солилцоог хэвээр хадгалж, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, чухал асуудлуудыг анхааралдаа авахыг уриаллаа.
Хятадын удирдагчийн хэлснээр, прагматик хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хоёр улс шинээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хороог үр дүнтэй ашиглаж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд, тээвэр, ложистик, дэд бүтцийн барилга байгууламж, усны нөөцийн менежмент зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс Словакт хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, Словакийн аж ахуйн нэгжүүдийг Хятадын зах зээлд нэвтрэхийг урьж байна гэж Ши Жиньпин нэмж хэлжээ.
Ши Жиньпин мөн Хятад улс Словакийн иргэдэд 15 хоног визгүй зорчих журам нэвтрүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга хоёр орны олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Өөрчлөлт, эмх замбараагүй байдал хоёр хоорондоо уялдаа холбоотой өнөөгийн олон улсын нөхцөлд хоёр тал жинхэнэ олон талт үзлийг баримталж, гол цөм нь НҮБ болох олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнцийг сурталчилж, бүгдэд ашигтай хүртээмжтэй эдийн засгийг дэмжихийн сацуу хамтарсан хэлэлцүүлэг, хамтарсан бүтээн байгуулалт, хамтарсан хэрэглээнд суурилсан дэлхийн засаглалын төлөвлөгөөг хэрэгжүүлж, мөн хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны нийгэмлэгийг бий болгоход хувь нэмэр оруулах ёстой гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Хятад, Европын Холбооны /ЕХ/ харилцаанд Хятадын тал ихээхэн ач холбогдол өгч байгааг Ши Жиньпин тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, ирэх онд Хятад, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг дурдаад, хоёр талын харилцаа нь зохих төлөвшил, тогтвортой байдлыг харуулах естой гэжээ.
ЕХ-ны шинэ бүрэлдэхүүн Хятад-ЕХ-ны түншлэлийн чиг хандлагыг баримталж, нааштай, ажил хэрэгч байдлаар хандаж, санал зөрөлдөөнөө зөвөөр шийдвэрлэж, худалдаа-эдийн засгийн асуудлыг улстөржүүлэхгүй байх болно гэдэгт Хятадын удирдагч найдаж байгаагаа илэрхийлэв.
Словакийн Ерөнхий сайд Р.Фицо хариуд нь хэлэхдээ, Словак улс "нэг Хятад" бодлогыг хатуу баримталдаг, БНХАУ-ын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлдөг цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, улс орон бүрийн хөгжлийн замыг хүндэтгэхийг дэмждэг гэжээ.
Хятад улс Словакийн иргэдэд 15 хоногийн хугацаатай визгүй зорчих эрх олгохоор шийдвэрлэснийг Словакийн тал өндрөөр үнэлж байна хэмээн Ерөнхий сайд хэлээд, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Хятадын аж ахуйн нэгжүүд тус улсад хөрөнгө оруулж, эрчим хүчний шинэ эх үүсвэр, дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр болсныг сайшаалаа.
Р.Фицо хэлэхдээ, Словак улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хэмжээний гурван гол санаачилгыг чухалчлан үзэж, Хятад улстай төрийн удирдлагын туршлага солилцох чиглэлээр хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Европын Холбоонд гарсан санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт хийх замаар зохицуулахад идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.
Талууд мөн Украины хямралын талаар санал солилцсон байна. Ши Жиньпин Хятад улсын тууштай баримталж буй зарчим, байр суурийг дахин дурдаж, Словакийн бодитой, оновчтой, шударга байр суурийг өндрөөр үнэлж, энхийн хэлэлцээг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэхийг Словакт болон бусад үзэл бодол нэгтэй орнуудад уриалжээ.
Украины хямралын талаарх Хятадын байр суурь шударга, бодитой, ажил хэрэгч гэдгийг Р.Фико онцлоод Словак улс Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад хувь нэмрээ оруулахын тулд хямралыг тайван замаар шийдвэрлэх асуудлаарх “Найзуудын бүлэг”-т нэгдэхэд бэлэн байна гэдгийг нэмж дурдсан байна.
Уулзалтын дараа талууд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гаргажээ.