БАЯНХОНГОР: Урд шөнө Эхийнголд +1 градус байсан бол Гурванбулаг, Байдрагт -21 градус хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдрагт -21 градус хүйтэн, Эхийнголд +1 градус дулаан хонолоо.
Баянхонгор аймаг говь, хангай, тал хээрийн гурван бүсийн нутагтай. Нутгийн нэг хэсэгт зуны шөнө шиг дулаан байхад, нөгөө хэсэгт өвлийн шөнө шиг хүйтэн хонож байх жишээ цөөнгүй тохиолддог онцлогтой.
-21 хэмийн хүйтэн хоносон Гурванбулаг сумын тухайд, эрс тэрс уур амьсгалтай нутаг бөгөөд жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дунджаар агаарын температур -4.0 градус ба дулааны улирал буюу IV-X сард +6.1 градус хүрдэг, салхи жилдээ 50-60 өдөр тохиолддог. Агаарын хамгийн дулаан жилдээ 20-23.6 градус дулаан, агаарын хамгийн хүйтэн температур 49.7-50.2 хүртэл хүйтэрдэг.
Харин +1 градусын дулаан хоносон Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол баг алдарт "Сэгс цагаан богд" уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас гэж бараг мэдэхгүй өвөрмөц уур амьсгалтай нутаг. Зунд хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.