Цахим гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улсад УБЕГ-аас гадна тусгай зөвшөөрөлтэй гурван компани тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхэлж байна.
Одоогоор нэг сая
287187 тоон гарын үсэг олгоод байгаа. Үүнээс нэг сая 127 388-ыг УБЕГ-аас иргэнд,
133 440-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгжид олгожээ. Тоон гарын
үсгийг төрийн худалдан авах систем, албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай
зөвшөөрлийн хүсэлт гэх мэт иргэн, аж ахуйн нэгжид цахимаар үзүүлж буй үйлчилгээнд
нэгтгээд байгаа.
Гэвч насанд
хүрэгчдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэг авсан ч хэрэглээнд тэр бүр
нэвтрэхгүй байна. Иргэд олон нийтийн цахим гарын үсгийн талаарх мэдлэг, ойлголт
муу, хэрэглээ цөөн, техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хууль эрх зүйн орчин
дутмагаас тулгарч буй асуудлыг ярилцахаар “Шийдэлтэй уулзалт, цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг ЦХИХХ-ны
сайд Ц.Баатархүү дурдаад, тус яам тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг
сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой
болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг
зорьж байгааг онцлов.
Тухайлбал, цагийн
бүртгэлийн систем бий болгох, гадаадын болон бүс нутгийн байгууллагад дотоодын
тоон гарын үсгийг баталгаажуулах шаардлагатай байна. Иймд Дэлхийн банкны
санхүүжилтээр “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд нийтийн түлхүүрийн дэд бүтцийг
шинэчлэх, цагийн системийг бий болгох төсөл хэрэгжүүлэх, тоон гарын үсгийн
програм хангамжийн мобайл хувилбарыг сайжруулахад анхаарч байна. Гадаадын болон
бүс нутгийн байгууллагад тоон гарын үсгээ баталгаажуулах “Үндэсний нийтийн
түлхүүрийн дэд бүтцэд олон улсын аудит оруулах” төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл
аваад байгааг салбарын сайд тодотгосон юм.
Манай улс цахим газрын
үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос тоон гарын үсгийг аж ахуйн
нэгжүүдэд олгож эхэлжээ. Тоон гарын үсгийн хэрэглээг нэмж, цахим шилжилтийг
эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын
чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилсэн юм.
Засгийн газраас
төрийн үйлчилгээний И-Монголиа платформыг нэвтрүүлж, төрийн 86 байгууллагын
1250 гаруй үйлчилгээг цахимжуулан, иргэн, байгууллагад цахимаар үйлчилгээ
үзүүлж байгаа билээ.