БАЯНХОНГОР: Төслийн багийн зөвлөлдөх уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Хүүхдийг ивээх сан" Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Японы Хүүхдийг ивээх сангийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын тушаалаар төслийн удирдлагын баг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд удирдлагын багийн эхний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн төслийн ажилтан Н.Мөнхзаяа уг төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцав.
Төсөл хэрэгжиж буй өнгөрсөн хугацаанд төслийн суурь судалгааг хийж, "Танаке бене" оюун ухааны сорил авагч сургалтаар 3 хүнийг бэлтгэсэн бол тусгай хэрэгцээтэй иргэн, хүүхдэд зориулсан дэд бүтцийн засварын ажил эхний жилийн зорилтот “Энхбүрд” Өрхийн эрүүл мэндийн төв болон 16 дугаар цэцэрлэгт ариун цэврийн өрөөний засвар, налуу зам болон шатны хажуугийн бариул, туслах тоноглол хийж 2 дахь жилийн зорилтот ӨЭМТ, цэцэрлэгийг тодорхойлж дэд бүтцийн засварын хэрэгцээний судалгаа авч барилгын техник зургийг гаргажээ.
Мөн СӨБ-ын байгууллагын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын модуль "Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх арга зүй” сургалтын сургагч багшаар Баянхонгор аймгаас БШУГ-ын СӨБ мэргэжилтэн, 16 дугаар цэцэрлэгийн арга зүйч бүлгийн 2 багш, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал болон хоёр бүлгийн багшийг сургаад байна. Энэ сард ӨЭМТ-ын эмч, ажилтныг чадавхжуулах ажлын хүрээнд зорилтот өрхийн эрүүл мэндийн төвд “Хүүхдийн хэл засал”-ын зөвлөн туслах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.