Сэргээш хэрэглэсэн 70 настай тамирчны эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-03 15:52:22

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 3 /РИА Новости/.  Сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөний учир 70 настай гүйлтийн тамирчин Лоретта Тернерийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан тухай АНУ-ын Сэргээшийн эсрэг агентлаг /USADA/ мэдэгдлээ.


35-аас дээш насны тамирчид оролцдог АНУ-ын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр буюу 7 дугаар сарын 19-нд түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, биед нь оксандролан ба түүний метаболитууд илэрсэн байна. Иймээс Тернерийн тэмцээнд оролцох эрхийг наймдугаар сарын 9-нээс эхлэн хасаж, долоодугаар сарын 19-нээс хойших бүх амжилтыг хүчингүй болгожээ.


Тэрбээр залуудаа 1972 оны Мюнхений Олимпын наадамд оролцохоор бэлтгэж байсан боловч жирэмсэн байсан учраас оролцож чадаагүй аж. 2003 онд дахин гүйлтээр хичээллэж эхэлсэн бөгөөд 2023 онд 65-69 насны ангилалд ойрын зайн гүйлтийн төрөлд дэлхийн чансааг тэргүүлж байв. Тернер 50 м-ийн зайд 7,51 секунд, 60м-т 9,05 секунд, 100 м-т 14,10 секундийн амжилт тус тус үзүүлжээ.


Оксандролон ба түүний  метаболитууд нь анаболик-андроген стероидуудын (AAS) ангилалд багтдаг бөгөөд тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглодог байна.   

 

Холбоотой мэдээ