Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах бас нэг төв нээгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Дархан хотын долдугаар цэцэрлэгийн дэргэд ашиглалтад орж байгаа тусгай хэрэгцээт боловсрол олгох “Тэмүүлэл-2” бүлэг нээлтээ хийлээ. Уг бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхэд хамрагдсанаар тус цэцэрлэг нь ХБХ-дэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол олгох улсын хэмжээн дэх хоёр дахь цэцэрлэг болов.
Мөн “Сэргээн заслын төв”-тэй болсноор аймгийн цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд уг төвөөр үйлчлүүлж хэл засал, ахуй засал, хөдөлгөөн засалд хамрагдах боломжтой боллоо. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй 56 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 12 нь 2015 оны 6 дугаар сард нээгдсэн “Тэмүүлэл-1” бүлэгт хамрагдсан бол “Тэмүүлэл-2” бүлгийн барилгыг өнгөрсөн долоо хоногт дуусгаж ийнхүү нээлтээ хийж мөн л 12 хүүхдийг авснаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 гаруй хувь нь СӨБ-д хамрагджээ.
Туркийн “Хамтын ажиллагаа, зохицуулах нийгэмлэг”-ийн дэд ерөнхийлөгч Мэхмэд Сурэйяа Эр хэлэхдээ:-“2016 оны 6 дугаар сард ажлын айлчлалаар Дархан хотод ирэхдээ энэ төслийг эхлүүлэхээр шийдсэн нь үнэхээр сайхан ажил болж чадлаа. Боловсролын салбар бол бидний хувьд их чухал. Энэ салбарт ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулах боломжийг олгож хамтарч ажилласан Дархан хотын удирдлагуудад баярлалаа” гэв
Б.Норовсамбуу