Дарханчууд энэ сарын 17-нд бүх нийтээр амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-15 22:48:31

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болж “Ойн арга хэмжээний тухай”, “Хүндэт иргэн” цол олгох тухай хэлэлцэж батлав. Дархан хотын 55 жилийн ойг 2016 оны 10 дугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулж ажилтан, албан хаагчдаа амраахыг төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагуудын удирдлагуудад зөвшөөрчээ.

Мөн уг ойг тохиолдуулж тус хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга, Дархан сумын даргаар ажиллаж байсан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Доктор профессор Түмэнгийн Цэвэгмидийг Дархан хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж аймгийн “Хүндэт иргэн” цол, тэмдэгээр шагнахаар боллоо. Т.Цэвэгмид нь 1979-1981 онд тэр үеийн ТЭХҮЯ-ны Эрчим хүчний салбарын ерөнхий инженер-хэлтсийн даргаар, 1981-1984 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Эрчим хүчний салбар хариуцсан зааварлагч, 1984-1985 онд ТЭХҮЯ-ны орлогч сайд, 1985-1987 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст Хүнд аж үйлдвэрийн салбар хариуцсан орлогч эрхлэгч. 1987-1990 онд Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1991-1994 онд ТЭХҮЯ-ны ахлах эксперт, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байжээ. .

                                                                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ