СҮХБААТАР: Адапт төсөлд 35 хоршоо хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр
хэрэгжиж буй Адапт төсөлд Сүхбаатар аймгийнн 35 хоршоо хамрагдан үйл ажиллагаагаа чадавхжуулж байна.
Малчин, хоршоологчдын хамтын ажиллагааг нягт болгох, малын
гаралтай түүхий эдийн үнэ, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортод гарах
боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн төслийн баг Сүхбаатар, Дорнод аймгийн
малчин, хоршоодын төлөөлөл болон албаны хүмүүст зориулсан сургалт мэдээлэл хийж байна.
Дөрвөн аймгийн 68
сум төсөлд хамрагдаж байгаа. Бид энэ хугацаанд МАА-д доод тал нь найман
загвар хоршоог бий болгох том зорилгыг тавьж байгаа. Тогтсон нэг цэгээр бүтээгдэхүүнээ
авч, түүхий эдээ тушаадаг, ашиг орлогоо зөв хуваарилдаг, гэрээ хэлэлцээрээ
нэгдсэн байдлаар хийдэг болох хэрэгтэй. Хамгийн гол нь цаашид ч тогтвортой, үр
дүнтэй, урт хугацаанд үргэлжилж, бусдадаа жишиг болохуйц байхад анхаарах нь
чухал. Учир нь аливаа нэг төсөл хэрэгжээд дуусахаараа мартагддаг сул тал манайд
нийтлэг бий. Энэ төслийг ийм байлгахгүйн төлөө үр дүн гартал явах нь зөв гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Адапт төслийн
техникийн ажилтан П.Ганхуяг ярилаа.
Дорнод аймгийн Булган суын малчин Х.Өнөрцэцэг хэлэхдээ, "Төсөлд
хамрагдсанаар малчдад олон давуу тал бий болж байгаа. Хамгийн гол нь бид хамтарч,
хоршсоноор ажлаа маш сайн зохион байгуулж чадаж байна. Өмнө нь дайвар
бүтээгдэхүүнээ яахаа мэдэхгүй, ноос ноолуураа ч ямар хүнд өгөхөө мэдэхгүй, ирсэн
ченжид өгөөд л явуулчихдаг байсан шүү дээ. Одоо бол түүхий эдээ хаана тушаах уу, ямар хэмжээний орлого олох уу түүнийгээ юунд зарцуулах уу гэдгээ
хэлэлцдэг болсон болохоор малчин бид ч нэгдэж нийлэхдээ их урамтай байгаа. 2017 оноос хойш манай
нутгийн малчид нөхөрлөл болж ажиллаж байна" гэлээ.
Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд
дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох Адапт
төсөл нь Сүхбаатар, Дорнод, Завхан, Ховд гэсэн дөрвөн аймагт хэрэгжиж байгаа. Мөн төслийн хүрээнд бусад чиглэлээр булгийн эх хаших, татмын ойжуулалт
хийх, худас ус гаргах зэрэг үйл ажиллагааг өрнүүлдэг юм.