ТӨВ: Дархан чин ван Пунцагцэрэнгийн гэрийн ган тулга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-18 17:24:36

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Богд хан уулын аймгийн анхны дарга Дархан чин ван Пунцагцэрэнгийн гэрийн ган тулга Төв аймгийн музейд байдаг.


Энэхүү ган тулга нь XIX, XX зуунд хамаарах бөгөөд Эрдэнэ сумын МУНН нэгдлийн гишүүн Гантөмөр Хушин гэдэг газраас олсныг гэр бүлийн хүн С.Дондогдорж 1966 оны 2 дугаар сарын 21-нд Төв аймгийн музейд хүлээлгэж өгчээ.


Тулга нь анх гурван хөлтэй, нэг цагирагтай байсан бол нийгэм, төмөрлөгийн урлалын хөгжлөөс хамаарч гурван цагирагтай, гурван хөлтэй болж улам боловсронгуй болсоор дөрвөн хөл, зургаан хөл, олон цагирагтай, казахтай, шигшрэгтэй төмөр тулга бий болжээ.


Дархан чин ван Пунцагцэрэн нь “Автономитыг устгах бичиг“-т гарын үсэг зурсан 16 сайдын нэг юм. Мөн Богд хаант Монгол улсын Шадар сайд, 1914-1921 оны хооронд Түшээт хан аймгийн чуулган дарга, 1923-1924 оны хооронд Богд хан уулын аймгийн анхны даргын албыг тус тус хашиж байжээ.



Зураг: Английн номын сангаас

Эх сурвалж: Төв аймгийн Музей

 

Холбоотой мэдээ