ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх хөнгөлөлттэй зээлд 25 төсөл шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-05 17:42:17

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд Төв аймгаас 25 төсөл тэнцэж 3.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ.


Төв аймгийн хэмжээнд 16 тэргүүлэх салбар чиглэлд 8 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжиж буй тус сонгон шалгаруулалт нь гурван үе шаттай байсан ба нийт 16.7 тэрбум төгрөгийн 111 төсөл ирүүлсэн байна.


Төсөлд шалгарсан 25 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Төслийн зээлийн зарцуулалт”, “Зарцуулалтын тайлан, зээлийн гэрээний эрх үүрэг, эргэн төлөлт болон талуудын хариуцлага” сэдвээр тус тус сургалтад хамрагдсан юм.


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэлэхдээ, "Өнөөдөр хувцас үйлдвэрлэл, цагаан идээ, нарийн боов гээд маш олон үйлдвэрийн төслүүд ирсэн. Үүнээс чин үнэнчээр ажлаа хийж, үйлдвэрээ өртгөтгөх, бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй иргэд энэ зээлд хамрагдаж чадсан гэдэгт итгэлтэй байна. Бүхий л цаг үед гэр бүл, хайртай дотны хүмүүстээ хийж өгдөг шиг эрүүл, аминдэмтэй, хүний биед хоргүй, эко бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээрэй. Хэрэглэгч хамгаас чухал. Ойрын хугацаанд үлдсэн 4.3 тэрбум төгрөгийг хэрэгтэй нэгэнд нь олгохоор дахин сонгон шалгаруулалт хийнэ" гэв.


Төгс био брэндийн үүсгэн байгуулагч хэлэхдээ, "Манайх өнөөдрийн байдлаар гурван төрлийн хөлдөөж, хатаасан тараг үйлдвэрлэж байна. Чацаргана, мойл жимс, энгийн төрлүүдтэй байх бөгөөд тарагны хөрөнгө болж чаддагаараа онцлог. Техник технологийн дутагдлаас гар аргаар хийдэг ажлуудыг энэхүү зээлд хамрагдсанаараа хөнгөлж чадна гэж бодож байна" гэлээ. 


Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас зээлийн цахим системд эхний шатанд нийт 319 аж ахуйн нэгж 48,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн байна.  


Холбоотой мэдээ