Айбек Артыкбаев: Киргиз Улс тогтвортой хөгжлийн замаар тууштай урагшилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-13 17:47:43

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаев тус улсад сүүлийн гурван жилийн хугацаанд цогцлоосон өөрчлөлт шинэчлэлтийн талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийв.


Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, “Киргиз Улс сүүлийн жилүүдэд хууль, эрх зүй, батлан хамгаалах, төсөв санхүү, эрчим хүч, гааль, татвар зэрэг олон салбарт шинэчлэлийг бодитоор нь хэрэгжүүллээ. Өнгөрсөн гурван жил бол манай улсын хувьд гайхалтай өөрчлөлт дэвшлийг авчирсан он жил болж өнгөрлөө. Тухайлбал, өнгөрсөн онд манай улсын ДНБ 13.981 тэрбум ам.долларыг давсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний үр дүнд Киргиз Улс тогтвортой хөгжлийн замаар тууштай урагшилж, дэлхийн тавцанд өөрсдийн байр суурийг бэхжүүлэн, шинэ эрч хүчтэйгээр өрсөлдөх хэмжээнд хүрлээ” хэмээн тодотгов.

 

Тус улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд томоохон төслүүдийг эхлүүлсэн аж. Элчин сайд уулзалтын үеэр тэдгээрээс зарим нэгийг нь онцлон дурдсан юм. Энэ тухайд Элчин сайд "1860 мегаваттын хүчин чадал бүхий Камбар-Ата-1 усан цахилгаан станц болон Хятад-Киргизстан-Узбекистаныг дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэрлэж болох байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 50 гаруй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд саяхан ашиглалтад орсон Бала-Сарын УЦС нь Талас бүсийг эрчим хүчээр хангах юм.


Киргиз Улс нийт 142 тэрбум кВт.цаг усан цахилгаан эрчим хүчний нөөцтэйгөөс одоогоор 13 орчим хувийг л ашиглаж байна. 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах замаар нүүрстөрөгчийн саармагжилтыг хангана. Бид олон улсын байгууллага болон сонирхсон хөрөнгө оруулагчдад хандан сэргээгдэх эрчим хүчний төслүүд, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэл, ялангуяа Камбар-Ата-1 УЦС-ын төсөлд хамтран ажиллахыг уриалж буй.


Бид энэ жил Ерөнхийлөгч Садыр Жапаровын зарлигийн дагуу орчин үеийн Киргиз Улсын үндэс суурийг тавьсан Кара-Киргизийн өөртөө засах муж байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү ойд зориулж улсын хэмжээнд 100 гаруй аж үйлдвэр, 100 гаруй нийгмийн байгууламж нээлтээ хийсэн. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгийн их засвараас гадна шинэ сургууль, цэцэрлэг, спорт цогцолборуудыг ашиглалтад орууллаа. Удахгүй Бишкек хотод Төв Азид хамгийн томд тооцогдох хөлбөмбөгийн стадион байгуулах бөгөөд шинэ нисэх онгоцны буудлуудыг барьж, агаарын хөлгүүдийг шинээр худалдаж аваад байна. Агро аж үйлдвэрийн салбарт орчин үеийн газар тариалан, усны менежментийн технологийг нэвтрүүлж, хөдөө аж ахуйн хамтарсан үйлдвэр байгуулах тал дээр нээлттэй санал хүлээн авч байна. Түүнчлэн дэлхийн стандарт, олон улсын жишигт нийцсэн лабораториудыг барьж байна.


Үүний зэрэгцээ 200 км замтай, жилд 850 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай "Гурван оргил" цанын баазын төслийг хэрэгжүүлж байна. Бүтэн жилийн турш идэвхтэй амрах боломжтой шинэ амралтын газрыг Бишкек хотын ойролцоо барьж байна. Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг үл харгалзан Киргиз Улс ийнхүү тогтвортой өсөн дэвжиж байна" гэв.


Мөн тэрбээр эцэст нь дүгнэж хэлэхэд, манай улс өнөөдөр тогтвортой хөгжлийн зам дээр баттай зогсоод барахгүй, тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, ахиц дэвшил дүүрэн шинэ ирээдүйгээ идэвхтэй цогцлоож байгааг дурдав.

Холбоотой мэдээ