БАЯНХОНГОР: Хадгалалтын хугацаа дууссан 45 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хууль сурталчлах, хянан шалгах, зөвлөн туслах ажлыг Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан суманд зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газар хамтран хийж буй тус үйл ажиллагаанд 500 орчим иргэн оролцсон байна.
Үйл ажиллагааны хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж сурталчлах олон ажлыг өрнүүлжээ.
Сумдын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрийн 52 обьект, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан зохион байгуулж, 86 зөрчлийг илрүүлсэн байна.
Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 45 нэр төрлийн 8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч, зөрчлийг арилгах арга хэмжээг газар дээр нь авч хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгаж зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ.