СЭЛЭНГЭ: Аймгийн Сонгуулийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-10 15:12:53

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 10 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 176 тоот тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 

Мөн сумдын сонгуулийн хороог 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулан ажиллаж байна хэмээн Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Ган-Отгон ярилаа.

 

Аймаг, сумын сонгуулийн хороонд 106, 63 хэсгийн хороонд 537, мэдээлэл технологийн баг болон даамлууд 87, итгэмжлэгдсэн ажилтан 63, цагдаагийн байгууллагын  150 офецир нийт 943 албан хаагч ажиллана.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 70207 сонгогчтой. Аймгийн 30 тойрогт 41, сумдын 57 тойрогт 383 мандаттай.

 

Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаглабарын дагуу санал авах байрны байршил, сонгуульд оролцох нам, эвслийн бүртгэлийг хийж, энэ сарын 5-ны өдөр нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах ажлыг шат шатандаа зохион байгуулж байна.

 

Мөн Аймгийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сумдын Сонгуулийн хороодын дарга, гишүүдэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл, сургалт явуулжээ.

 

Сургалтыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Ахлах мэргэжилтэн Г.Ариунболд, Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн ахлах референт Д.Мөнгөндуулга нар хүрэлцэн ирж өгчээ.

 

Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024.10.11-ний өдрийн 07:00-:20:00 цагт болно.

Холбоотой мэдээ