ӨМНӨГОВЬ: Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг аравдугаар сард ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны
есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ “SPG” компани
болон НҮБ-ын ХХААГ хамтран 2023 онд хамтын хөрөнгө оруулалтаар ингэний сүү
боловсруулах үйлдвэр, фермийг байгуулсан юм.
Үйлдвэрийн явц 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард
ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус үйлдвэр нь орон
нутгийн тэмээчдийн сүү цагаан идээгээ боловсруулах ажлыг хөнгөвчлөх, сүүний
гарцыг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн техник технологид суралцуулах, фермерийн аж
ахуй эрхлэх нөхцөл боломжоор хангахыг зорин ажиллаж байна.
Тэгвэл энэхүү зорилтын
хүрээнд ингэний сүүний кластерийн бодлогыг хэрэгжүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх,
түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх чиглэлээр 2024 оны есдүгээр сарын 8-ны өдөр малчдыг
хамруулан фермтэй танилцах сургалт зохион байгууллаа.
“Солид партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнд-Аюуш:
-Манайх 2021 оноос “Монгол тэмээ” хэмээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл ингэний сүүг хуурайшуулаад экспортод гаргах зорилготой. Төслийн хүрээнд Даланзадгад суманд Ингэний сүүний үйлдвэр, Ханхонгор суманд ингэний фермер байгуулах ажлуудыг эхлүүлээд байна. Цаашлаад бүтээгдэхүүнээ экспортын шаардлагад нийцүүлэхэд чиглэн ажиллана. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхэд хамгийн гол нь түүхий эдийг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ байгуулах ажил их чухал байсан.
Бид 2021 оноос Өмнөговь аймгийн таван малчинтай хамтран ингэний фермер байгуулан ажиллуулж эхэлсэн. Гэвч уламжлалт аж ахуйгаар ингэний фермерийг тогтвортой хөгжүүлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс НҮБ-ын ХХААГ-тай хамтран ингэний эрчимжсэн фермерийг 2023 онд байгуулсан.
Мөн Өмнөговь аймгийн ЗДТГ-аас хамтран ажиллаж эхэлсэн. Ингээд нэг жилийн хугацаанд ингэнүүдээ саальд
сургах, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг хийлээ. Монгол ингэ нэг өдөрт 800 грамм
сүү өгдөг. Анх 400 грамм сүү гардаг байлаа. Тэгээд
хоол тэжээлийг нь зохимжтой өгч эхэлснээр сүүний гарц нэмэгдсэн. Үүнээс харахад
монгол ингэний сүүний гарцыг нэмэгдүүлж болох юм байна гэдгийг харсан.
Одоогийн байдлаар бид нэг ингэнээс 3 литр сүү авсан амжилттай байна. Энэ
жилээс тэжээлийнх нь нөөцийг илүү нэмээд зохицуулаад өгч чадах юм бол 4 литрт
хүрэх боломтой гэж үзэж байгаа. Малчид жилийн дөрвөн улиралд ингээ бүрэн сааж
чаддаггүй. Харин эрчимжсэн мал аж ахуйд шилжээд явбал зөвхөн саалиараа
малчдын орлого 2-4 дахин нэмэгдэх боломжтой юм. Тиймээс бид малчдад байгуулсан
фермийнхээ үйл ажиллагааны талаар таниулах сургалт, зөвлөгөөг хүргэх ажлыг
эрчимжүүлэхээр зорьж байна. Одоогоор 450 гаруй ингэтэй болсон бүтээгдэхүүнээ орон нутагт борлуулж
байна.