Скүүтер болон суррон дугуй унах эрх зүйн зохицуулалттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2024-09-06 09:58:25

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам цахилгаан скүүтер, суррон дугуй, моторт тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийг судалж, эрх зүйн орчныг сайжруулах үүрэг бүхий Ажлын багийн санал дүгнэлтийг хэлэлцэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.


2023 онд суррон, скүүтер төрлийн тээврийн хэрэгсэл холбоотой скүүтер 28, суррон 32 нийт 60 осол бүртгэгджээ. 2024 оны долоодугаар сарын байдлаар унадаг дугуй, скүүтер, сурронтой холбоотой 241 зам тээврийн осол бүртгэгдсэний 229 буюу 95 хувь нь нийслэлд гарсан байна. Суррон болон скүүтер, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ.


Ажлын баг дээрх төрлийн тээврийн хэрэгслийн олон улсын болон дотоодын нөхцөл байдал хууль эрх зүйн зохицуулалтыг судалж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлуулах болон Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг санал дүгнэлт гаргажээ.  

Тус хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг Ажлын багийн судалгаанд нэгтгэж, хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллагуудад хүргүүлэх юм. Мөн шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох төсөл боловсруулж, шийдвэрлүүлнэ. Түүнчлэн ЕБС-ийн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх аж.


Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээврийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо ТББ, цахилгаан скүүтер, суррон дугуйн худалдаа, түрээслүүлэгч байгууллагын төлөөлөл болон Ажлын багийн гишүүд оролцов.  





Холбоотой мэдээ