Монголчууд аливаа үл ойлголцол, үл итгэлцэл, сөргөлдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх нь зөв гэдгийг дахин уриалж, нотоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-09-03 23:00:56

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.


Хоёр улсын төрийн тэргүүний хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд хийсэн мэдээллийг хүргэж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэлдээ, "Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Мөнхийн хөрш манай хоёр орны ард түмний хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг хугацааны уртад улам батжин бэхжиж, шинэ агуулгаар өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч эрхэм хүндэт Владимир Владимирович таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.


Мөн айлчлалын хүрээнд та бид хоёр орны болон бүс нутаг, олон улсын өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, өөрсдийн байр суурийн талаар харилцан ярилцлаа.


Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай”, “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Мөн олон жил ярьсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгой анхаарч, “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгуулав. Ийнхүү “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барих ажил хоёр талын хүчин чармайлтын үр дүнд урагшлах болсонд баяртай байна.


ОХУ нь манай улсын гадаад худалдааны томоохон түнш. Монгол, Оросын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч худалдааны баланс тэнцвэргүй байгааг өөрчлөх талаар тодорхой арга хэмжээ авсны үр дүнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломж бий болгоно хэмээн үзэж байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулахаар хоёр тал ажиллаж байгааг сайшааж байна. Хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад гаргах мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас бүрэн чөлөөлнө. Энэ нь манай хөдөө аж ахуйн салбар болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд шинэ боломжуудыг нээх юм.


Мөн уулзалт, хэлэлцээний үеэр талууд “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төслүүдийг өнөө цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ. Энэ нь манай улсын транзит тээврийн өвөрмөц боломж, чадавхыг дээд зэргээр нэмэхийн зэрэгцээ ОХУ-ын “Их Евразийн санаачилга”, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.


Манай улсын оюутан залуус ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэх талаар санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. 

Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.


Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.


Таны энэ удаагийн Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Эрхэм хүндэт Владимир Владимирович Таныг болон эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхнийг өнө эртний түүхтэй, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье" хэмээв.


Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийг мөн толилуулъя.

 

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

Хатагтай, ноёд оо,

 

Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг монгол анд нөхдийнхөөөө хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна.

 

1939 онд Японы милитаристууд Монгол улсад халдан довтлоход Монголын Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу манай улс холбоотны үүрэгтээ үнэнчээ нотлон тэр дор нь тусламж үзүүлсэн билээ.

 

Өнөөдөр бид амь насаа үл хайрлан эр зориг, тэсвэр хатуужлыг харуулсан Зөвлөлт, Монголын дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийн ёсолж байна. Тэд мөр зэрэгцэн тулалдаж түрэмгийлэгчдэд шийдэмгий хариу цохилт өгснөөр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж чадсан билээ. Тэдний гавьяа зүтгэлийн ачаар Аугаа их Эх орны дайны хүнд хэцүү жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын Алс Дорнодын хил хязгаарын аюулгүй байдал хангагдсан юм.


Монголын газар шороон дээр болсон ширүүн тулаануудад Зөвлөлтийн 10 мянга гаруй цэрэг, офицерууд халуун цусаа урсгаж, алтан амиа өргөсөн. Зөвлөлтийн дайчдын булшийг нандигнан хадгалж, хамтын түүхийн нийтлэг өвд хүндэтгэлтэйгээр ханддаг монгол анд нөхдөдөө гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

 

Ирээдүйн Ялалтын маршал Георгий Константинович Жуковын цэргийн жанжны авьяас чухам Монгол дахь тулалдааны талбарт илрэн гарсан бөгөөд монголчууд түүнийг өдгөө ч дурсан санаж, хүндэтгэлтэйгээр ханддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт энэхүү гарамгай жанжны Улаанбаатар дахь хөшөөнд цэцэг өргөнө. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр Чойбалсан хотноо Жуковын бас нэгэн шинэ хөшөө шинээр босгосныг та бүхэн мэдэж байгаа.

 

Нацизм, милитаризмтай тэмцэхэд Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Орос улсад сайн санаж, өндрөөр үнэлдэг. Аугаа их Эх орны дайны үеэр Монголын ард иргэдийн хандивласан хөрөнгөөр «Монгол ард» сөнөөгч онгоцны эскадриль болон Берлин хүртэлх байлдааны гавьяаны замыг туулсан «Хувьсгалт Монгол» танкны бригадын танкуудыг үйлдвэрлэсэн. Түүнчлэн Монгол Улс Зөвлөлтийн цэрэгт хагас сая гаруй адуу бэлэглэсэн нь тухайн үед бас ихээхэн дэмжлэг болсон юм.

 

Ирэх онд Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Ялалтын баярын ёслолд оролцохыг бид урьсан. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн албан хаагчидттай хамт Улаан талбайд болох баярын жагсаалд мөр зэрэгцэн оролцох асуудал ч яригдаж байгаа.


Хүнд сорилтыг давсан он жилүүдэд бэхэжсэн дайчин нөхөрлөл, сайн хөршийн харилцан туслалцааны эртний уламжлал Орос,Монголын найрсаг харилцааны бат бөх түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна.

 

Энэхүү харилцаа маань Улаанбаатар хотноо яг таван жилийн өмнө байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээний дагуу хурдацтай хөгжин бэхжиж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн яриа хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны олон асуудлыг авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн нэн тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо. Үүний үр дүнд хоёр талын зарим баримт бичигт гарын үсэг зурсаныг Та бүхэн сая харсан.

 

Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд онцгой анхаарал хандууллаа. Орос Улс Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг бөгөөд энэ оны эхний 7 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн. Хоёр улсын арилжааны төлбөр тооцоог доллар, еврогоос бусад валютаар хийж байгааг энэ ялдамд онцлон тэмдэглэе.

 

Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг улам нягт хөгжүүлэх нь экспорт, импортыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах санаачилгыг Орос Улс дэмжиж байгаа болно.

 

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь «Улаанбаатар Төмөр зам» ХНН мөн билээ. Тус төмөр зам Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар 75 жилийн нүүр үзэж байна. Улаанбаатар төмөр замыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, үндсэн санд нь нэмэлт хөрөнгө оруулах, нэвтрүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх, суурь бүтцийг нь шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр хоёр талын болон Орос, Хятад хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

 

Манай улс Монголын эдийн засагт эрэлт хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр эртнээс найдвартай хангаж ирсэн. Өнгөрсөн онд Монголын зах зээлд нийлүүлсэн бензин, дизель түлшний 90 гаруй хувь нь Орос Улсаас орж ирсэн. Бид монгол нөхдийнхөө хүсэлтийн дагуу танай улсын өсөн нэмэгдэж буй шатах, тослох материалын хэрэгцээг хангахад, тэр дотроо хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж ямагт дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

 

Байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны төлөв өөдрөг харагдаж байна. Орос, Монгол, Хятад гурван улсыг холбох мянга орчим километр урт «Союз Восток» байгалийн хий дамжуулах хоолойн зураг төслийн баримт бичгийг боловсруулсан. Одоогоор уг төсөлд улсын хянан шалгалт явуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийнх нь үнэлгээ хийгдэж байна.


Чингэхдээ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлээд зогсохгүй Монголын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг судалж байна. Оросын «Газпром» компани Монгол Улсыг ахуйн хийгээр хангахтай холбогдох асуудалд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

 

Эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа нүүрс устөрөгчийн экспортоор хязгаарлагдахгүй. Оросын «Интер-РАО» компани Улаанбаатар хотын ДЦС-3-ийг шинэчлэх, сэргээн засварлах ажилд оролцох, шинэ тоног төхөөрөмж суурилуулах замаар станцын үйлдвэрлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр Монгол Улсын нийслэлийн оршин суугчид цахилгаан, дулаанаар найдвартай хангагдах боломж нэмэгдэнэ. Оросын Холбооны Улс цаашид ч Монголын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр үргэлжлүүлэн хангах болно.

 

Мөн бид Оросын хамгийн орчин үеийн, аюулгүй технологид түшиглэн цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтарсан төсөл, тухайлбал бага оврын реактор барих төслийг хэрэгжүүлэхэд нээлттэй байна.

 

Яриа хэлэлцээний үеэр хүмүүнлэгийн хамтын ажиллагааны сэдвийг хөндөн ярьсан. Манай хоёр улс соёлын өдрүүд, Орос-Монголын найрамдлын өдрүүдийг ээлж дараалан тогтмол явуулж байгаа бөгөөд шинжлэх ухааны хамтарсан судалгаа, экспедиц зохион байгуулдаг. Сүүлийн үед жуулчдын харилцан солилцоо мэдэгдэхүйц нэмэгдэж байна.

 

Орос Улсад болсон «БРИКС-ийн наадам», «Азийн хүүхдүүд», олон төрөлт «Ирээдүйн наадам» зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд Монголын тамирчид олноор оролцсон. Бид ирэх 10 дугаар сард Уфа хотноо болох «Орос Улс – спортын гүрэн» олон улсын чуулга уулзалтад Монголын төлөөлөгчдийг оролцохыг уриалж байна.

 

Манай улс Монголын эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн уламжлалтай. Оросын их, дээд сургуулиудад Монголын 2000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургууль Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулаад 25 жил болж байна. Орос Улсад боловсрол эзэмших Монгол залуусын сонирхол өндөр байдаг учраас манай улс Монгол Улсад хамгийн олон квот буюу 600 гаруй хүний тэтгэлэг жил бүр олгодог.

 

Монголчууд орос хэл сурах дуртай байдаг бөгөөд бидний хувьд энэ нь нэн чухал юм. Олон арван жилийн хугацаанд орос хэлийг заах тогтолцоо улам боловсронгуй болж ирсэн нь мэдлэг олж авах, манай хоёр улсын хооронд бизнес, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд өргөн боломжийг нээж өгч байна. Оросын тал Монгол Улсад, тэр дундаа манай улстай хил залгаа бүс нутаг, аймгуудад орос хэл заахад цаашид ч дэмжлэг үзүүлэх болно.

 

Цэрэг-техникийн болон терроризмтой тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх үеэр эдгээр салбарт Орос-Монголын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэсэн.

 

Олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцэх үеэр дэлхий дахины өмнө тулгамдаж буй олон асуудлаар Орос, Монгол хоёр улсын байр суурь ижил төстэй байгааг харууллаа.

 

Манай айлчлалын хөтөлбөр үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзахаар төлөвлөсөн байгаа. Одоогийн байдлаар монгол анд нөхөдтэй бидний хийсэн яриа хэлэлцээ, хүрсэн тохиролцоо Орос, Монголын олон чиглэлийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг баттайгаар хэлэхийг хүсэж байна.

 

Биднийг элэгсэг дотноор хүлээн авч, зочилж буй ноён Хүрэлсүх Танд болон нийт монгол анд нөхөддөө талархаж байгаагаа дахин илэрхийлье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.




Холбоотой мэдээ