Дэлхийн банк: Уур амьсгалын өөрчлөлт их хэмжээний хохирол учруулж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-13 14:56:51

НЬЮ-ЙОРК. /VOA/. Уур амьсгалын өөрчлөлт нь ирэх 15 жилийн хугацаанд хотуудын хэдэн арван сая оршин суугчдыг ядууралд оруулж, хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж болзошгүй гэж Дэлхийн банк мэдэгдэв.

Хөгжиж буй орнуудын эрчимтэй хөгжиж буй хотууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийг даван туулах бэлтгэлгүй байгааг Дэлхийн банк болон Гамшгийн аюулыг бууруулах, сэргээн босгох асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын хамтарсан тайланд дурджээ.

"Дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн өдөрт 1.25 доллароор амь зууж байна. Хэрвээ хотууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийг даван туулах төлөвлөгөөг боловсруулахгүй бол энэ тоо 2030 он гэхэд 77 саяар нэмэгдэж магадгүй" гэв.

Далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөх магадлалтай хотуудыг хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулах үйл ажиллагаагаа түргэвчлэхийг Дэлхийн банк засгийн газруудад уриалсан байна.

Байгалийн гамшгийг даван туулах арга хэмжээнд өнөөдрөөс эхлэн хөрөнгө оруулалт хийх нь дэлхийн хотууд, тэдгээрийн оршин суугчдын ирээдүйг хамгаалахад чиглэсэн нэн чухал үйлс мөн гэж тус банкны ерөнхий гүйцэтгэх захирал Еде Ийясз-Васкуез бага хурлын үеэр мэдэгдэв.

Хотуудын дэд бүтцийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас хамгаалахад дэлхийн хэмжээнд нэг их наяд доллар шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг хийхгүй бол хотууд хэдэн зуун тэрбум долларыг алдаж болзошгүй гэж тайланд дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ