БАЯНХОНГОР: Боловсролын салбарын удирдах бүрэлдэхүүн зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Боловсролын салбарын удирдах бүрэлдэхүүн энэ сарын 28-ны өдөр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын зохион байгуулалттай холбогдуулан хуралдлаа.
2024-2025 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо танилцуулах, бодлогын хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх уг бага хуралд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож, аймаг орон нутгаас хийж буй ажил, анхаарах асуудлаар мэдээлэл хийв.
Бага хурлаар 2024-2025 оны хичээлийн жилд бодлого, эрх зүйн орчин, суралцахуй болон багшлахуйд гарч буй өөрчлөлтийг нэгж байгууллагуудын удирдлагад танилцуулж мэргэжил арга зүйгээр хангасан байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, алдаа дутагдал, анхаарах асуудал, хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүүхэд хамгаалал, тэгш хамруулах бодлогын хүрээнд тулгамдсан асуудлаа хэлэлцжээ. Мөн үеэр, багш суралцагчийн эрүүл мэнд, нэн ялангуяа улаан бурхан өвчинтэй холбогдох асуудлаар мэдээлэл, сургалт хийх зэрэг хэд хэдэн асуудлаар зөвлөлдсөн байна.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад 1006, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 258 багш ажиллаж байна. 2023 оны Боловсрол сургалтын байгууллагууд гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр тус аймаг 76.03 хувиар улсад тэргүүлсэн бол гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нар 76.58 хувиар улсад гуравдугаар байр эзэлжээ.
Сонирхуулахад, Аймгийн боловсролын нэгж байгууллагын багш мэргэжлийн сул орон тоог нөхөх журмын дагуу 2024-2025 оны эхний улирлын сонгон шалгаруулалт өнөөдөр Эрдэнэмандал сургууль дээр болж байна. ЕБС-ийн 87, СӨБ-ын 51 нийт 138 орон тоонд өрсөлдөхөөр 199 багш бүртгүүлж, шалгалтаа өгч байна.